СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр, Нийгэм | 2022-03-26

Т.Мөнхсайхан: Архидалт өнөөдөр манай улсын үндэсний аюулгүй байдалд заналхийлэх түвшинд хүрсэн

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” сэдэвт үндэсний чуулганы үеэр “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөнийг өрнүүлж, нийгмээрээ архидалттай тэмцэхийг уриалсан билээ.

Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх Т.Мөнхсайхан Монгол телевизийн “Хар хайрцаг” нэвтрүүлэгт оролцож, энэхүү санаачилгыг гаргах болсон шалтгаан, үндэслэл, зорилго, түүнд хүрэх арга зам, бодлогын шинэчлэл болон бусад сэдвээр ярилцлага өгсөн юм.

–Танд энэ өдрийн мэнд хүргэе. Өнөөдөр хоёулаа үеийн үед яригдаж ирсэн сэдвээр ярилцах гэж байна. Энэ бол архидалт. Саяхан болж өнгөрсөн эрэгтэйчүүдийн форумын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч архидалтын талаар хөндөж ярьсан нь олон нийтийн сүлжээнд том мэтгэлцээн үүсгэсэн. Өнөөгийн Монголын нийгэмд архидалтын асуудал ямар түвшинд байгаа юм бэ? Бусад улсуудтай харьцуулахад нөхцөл байдал ямар байгаа вэ? Мөн гарц шийдэл нь юу байж болох вэ? Бодит шийдэл байна уу? Энэ бүгдийн талаар хоёулаа ярилцана. Миний эхний асуулт архины хор хөнөөлийн тухай. Иргэдийн эрүүл мэнд, өвчлөлд хэрхэн нөлөөлж байна вэ?

-Бид архидалт, архины зохисгүй хэрэглээний талаар олон жил ярьж ирсэн. Өнгөрсөн хугацаанд архидалтыг бодитоор багасгах арга хэмжээ авч чадсан эсэх, бодитоор судалсан эсэх, судалгаанд тулгуурласан бодлогыг хэрэгжүүлсэн эсэхийг юун түрүүнд авч үзлээ. Гэвч бид архидалтын талаар ярьж байсан боловч дорвитой арга хэмжээ аваагүй байна. Энэ нь өнөөдрийн манай улсын архины хэрэглээний нөхцөл байдлаас харагдаж байгаа юм. Жишээ нь, Өнөөдөр жилд 4,500 хүн архины шууд болон шууд бус хамааралтай байдлаар нас барж байна. Өнгөрсөн хугацаанд 2,100 орчим хүн Ковид-19 цар тахлын улмаас нас барлаа. Гэтэл жилд архины шалтгаанаар нас барж буй хүний тоо үүнээс хоёр дахин илүү байна.

Архины хор хөнөөлийг хүмүүс надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа байх. Нэгдүгээрт, архи хэтрүүлэн хэрэглэж байгаа хүний бие, физиологид асар их өөрчлөлт орж, эрүүл мэндээрээ хохирдог. Хоёрдугаарт, өөрөө хохироод зогсохгүй бусдад хохирол учруулдаг. Тухайлбал, авто тээврийн осол, гэр бүлийн хүчирхийлэл зэрэг олон сөрөг үр дагаврыг нийгэмд авчирдаг. Энэ тоонуудыг аваад үзвэл архидалт өнөөдөр манай улсын үндэсний аюулгүй байдалд заналхийлэх түвшинд хүрсэн байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас жилд нэг хүнд ногдох спиртийн дундаж хэрэглээ нь 7 литрээс давбал үндэсний аюулгүй байдалд аюул учирсан гэж үздэг. Гэтэл манай улсад жилд нэг хүнд ногдох спиртийн хэмжээ 12 литрт хүрчихээд байна. Энэ нь 21-ээс дээш насны хүн амаа тооцоход нэг хүнд ногдох хэмжээ гэсэн үг. Тэгэхээр архидалт, архины хэрэглээ өнөөдөр үндэсний аюулгүй байдлын түвшинд хүрсэн байна.

Үүний шалтгаан юу вэ гэвэл, өнгөрсөн хугацаанд архидалтын эсрэг дорвитой арга хэмжээ авч, бодлогын шийдэл гаргаагүй, судалгаа хийгээгүй, нотолгоонд суурилсан төрийн бодлого явуулаагүй.

–Төр онцгой албан татвараар дамжуулан бодлогоо тохируулдаг. Согтууруулах ундаанд онцгой албан татвар ногдуулаад амжилтад хүрсэн бусад улс орны туршлага байдаг уу?

-Байлгүй яах вэ. Канад улс согтууруулах ундааны онцгой албан татварыг 10 хувиар нэмэгдүүлэхэд пивоны хэрэглээ 5.9 хувиар, архины хэрэглээ 7.8 хувиар буурсан байдаг. ОХУ-д гэхэд 2021 онд 9 градусаас дээш спиртийн агууламжтай согтууруулах ундаанд ногдох онцгой албан татварын хэмжээг дөрвөн хувиар нэмэгдүүлсэн. Онцгой албан татварын бодлогоо зөв явуулсан улс орнууд архи, согтууруулах ундааны хэрэглээг бууруулж чадсан байгаа юм.

Манай улсын хувьд 2012 онд 25-40 градусын архинд ногдох татвар дөрвөн доллар байсан. Гэтэл энийг 2015 онд 5,800 төгрөг болгож өөрчилсөн. 2015 оноос хойш энэ тоо яаж өөрчлөгдсөн бэ гэвэл 6,960 төгрөг болсон. Ердөө 1,000 гаруй төгрөгөөр нэмэгдсэн.

Одоогоос 30 жилийн өмнө талх хэдэн төгрөг байсан бэ? Талхны үнэ 1 төгрөг, 50 мөнгө байхад архины үнэ 22 төгрөг байсан. Гэтэл одоо талх 1,500 төгрөг, харин 5,500 төгрөгийн үнэтэй 500 граммын 38 градустай архийг дэлгүүрт зарж байна. Үүнээс харвал манай улсад архийг дэмжих татварын бодлого хэрэгжиж иржээ.
Харин архидалттай тэмцэх гол арга нь татварын бодлого гэдэг нь олон улсад судалгаагаар нотлогдсон. Бид судалгаа, нотолгоонд суурилсан төлөвлөгөөтэй ажиллаж байна.

–Өөрөөр хэлбэл сүүлийн 30 жилд бүх юмны үнэ нэмэгдсэн байхад архины үнэ дагаад нэмэгдээгүй байна, тийм үү?

- Эндээс харахад ард иргэдийг архи уух боломжоор нь хангах бодлого өнгөрсөн хугацаанд хэрэгжиж ирсэн гэдэг нь тодорхой байна. Хэрвээ 2012 оны дөрвөн долларын татвар хэвээр байсан бол өнөөдөр архины татвар 12 мянга орчим байхаар байна. Тэгвэл өнөөдөр дэлгүүрт 5,500 төгрөгөөр 38 градустай архи зарах боломжгүй байх байсан. Өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн бодлого ямар ч нөлөө үзүүлээгүй байгаа юм.

–Ер нь архидалт их байгаа нь улс орны хөгжлийн асуудал юм биш үү? Буурай хөгжилтэй орнуудад архидалт, донтолт их, харин өндөр хөгжилтэй, өрхийн орлого өндөр орнуудад зохистой хэрэглээтэй байдаг юм биш үү? Манай улс нийгмийн бусад асуудлуудаа шийдэхгүйгээр зөвхөн архины онцгой албан татвараар зохицуулж болох уу?

-Энэ бол тахиа анхдагч уу, өндөг анхдагч уу гэдэг шиг асуудал. Үнэхээр ядуурлаас болоод архидалт үүсээд байна уу, архидалтаас болоод ядуурал бий болоод байна уу?

Өнөөдөр ядуурлын шалтгаантай архидалт байгаа. Амьжиргааны доод түвшин, архидалт хоёр харилцан хамааралтай. Гэхдээ төр, засгийн бодлого ядуурлыг бууруулах, ард иргэдийн орлогыг нэмэгдүүлэхэд чиглэж байна. Гэтэл нөгөө талаас нь архины хэрэглээг бууруулах бодлогоо орхигдуулчихсан байна. Нэг талаасаа ядуурлыг бууруулах, нөгөө талаасаа архины хэрэглээг бууруулах бодлого хэрэгжүүлж байж богино хугацаанд өндөр үр дүнд хүрнэ.

2050 онд манай улсын хүн ам 5.3 саяд хүрнэ. Архидалттай тэмцэх бодлого хэрэгжүүлэхгүй явсаар байх юм бол 2050 он гэхэд архины хамааралтай хүмүүсийн тоо хоёр дахин нэмэгдэнэ, нас баралт хоёр дахин нэмэгдэнэ.

Бид бодлогоо боловсруулахгүй, энэ чигээрээ явсаар байх юм бол энэ тоо 200 мянгад хүрнэ. Жилд 10 мянган хүн архины хамааралтайгаар нас барна. Өнөөдөр бид цар тахлаар алдсан хүний тооноос 5 дахин, жилээр нь тооцвол 10 дахин олон хүн нас барах эрсдэл ирээдүйд үүснэ. Бидний ярьдаг чимээгүй тахал бол архины хэрэглээ.

–Та ярилцлагын эхэнд хэлсэн. Хоёр жил үргэлжилсэн цар тахлын улмаас 2,100 хүн амиа алдсан, харин архины хамааралтайгаар жилд 4,500 хүн нас барж байна гэлээ. Энэ нь нэг талаар хүний амь нас, эрүүл мэндтэй холбоотой ч гэсэн нөгөө талаар эмнэлгийн байгууллагуудын ачаалал, архи хэрэглэдэггүй мөртлөө гэмтэж, бэртээд ирсэн, өвчилсөн хүмүүст хандуулж болох анхаарал, төсөв, цаг хугацаа зэрэгтэй харилцан хамааралтай байх гээд байна, тийм үү?

- Хэрвээ бид согтууруулах ундааны хэрэглээг багасгаж, зөв зохистой болгож чадах юм бол энэ хүмүүс эмнэлэгт хандах шаардлагагүй болно. Тэр хэмжээгээрээ эмнэлгийн тусламж, үйлчилгээг шаардлагатай хүмүүст хүргэх боломж бүрдэж, манай улсад хийгддэггүй тусламж, үйлчилгээг хөгжүүлэхэд зарцуулагдах ёстой цаг хугацаа уртасна. Эмнэлгийн тусламж, үйлчилгээ сайжирна, хүртээмж нэмэгдэнэ.

Мөн нийгэмд архины хэрэглээгүй үеийг бэлтгэх нь үр дүнгээ өгдөг. Согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэдэггүй, эрсдэлгүй хэрэглэдэг нийгмийн үе гарч ирж чадах юм бол олон зүйл эрс өөрчлөгдөх боломж бүрдэнэ. Ийм суурь өөрчлөлтүүдийг хийх боломжтой учраас архидан согтууралт, архины зүй бус хэрэглээтэй тэмцэх нь чухал болоод байна.

–Та эерэг үр дүнгүүдийн талаар цухас дурдлаа. Та өөрөө эмнэлгийн захирал, салбарын сайд байсан эмч хүн. Таны хувьд өөрийнхөө итгэл үнэмшлээр үнэхээр зөв, зохистой бодлого боловсруулаад, хэрэгжүүлээд эхлэх юм бол ямар эерэг үр дүнгүүд шууд харагдах байх гэж бодож байна вэ?

-Гарах үр дүн нь ерөнхийдөө тодорхой. Жишээ нь, сар бүрийн 01-ний өдөр архи зардаггүй байсан. Энэ өдрүүдэд үр дүн гараагүй биш, гарсан. Би үүнийг биеэрээ мэдэрсэн. Намайг Гэтэл үүний хажуугаар сөрөг үр дагаврууд гарч байсан. Сар бүрийн 01-ний өдөр архи борлуулахгүй гэхээр ахуйн архидалт үүсдэг. Үүнээс үүдэн гэр бүлийн хүчирхийлэл гардаг. Энэ мэтчилэн бодлого хэрэгжүүлэхдээ ямар сөрөг үр дагавар гарах вэ гэдгийг маш сайн тооцоолох ёстой.

Өндөр градустай архины татварыг нэмэхээр өндөр градустай архи хэрэглэхийг хүссэн хүмүүс хямд төсөр зүйл хайна. Үүнээс үүдээд бидний ярьдаг “шаглах” гэдэг зүйл бий болно, хууль бус бизнес хөгжих боломж гарч ирнэ. Энийг хөгжүүлэхгүй байх ямар боломж байна вэ, хууль бус архидалттай яаж тэмцэх, ямар хариуцлага ногдуулах вэ гэдэг асуулт гарч ирнэ. Бүх зүйлийн сөрөг үр дагаврыг судалж, үүний эсрэг авах арга хэмжээг бодож төлөвлөх замаар бодлогоо хэрэгжүүлэх ёстой. Тэгэхгүйгээр

–Архины үнэ өндөр болбол “шагийн архи хөгжинө” гэдэг нь сөрөг аргумент тавьж байгаа хүмүүсийн жижүүрийн үг болсон. Өмнө нь Монголд байсан үзэгдэл. Таны цогц бодлогод энэ асуудал яаж тусах вэ? Яаж шагийн архийг хөгжүүлэхгүй байх вэ?

-Улс орны онцлогт тохирсон бодлого гэж яриад байгаа нь үүнтэй холбоотой. Одоо худалдан авч байгаа үнээрээ бага градустай архийг авч хэрэглэх сонголт нь байсаар байхад заавал баталгаагүй, шагийн архи авч хэрэглэх шаардлага үүсэхгүй байх талаас нь харж байна. Үүссэн тохиолдолд хяналтыг тавих, өндөр хариуцлага тооцоход анхаарах ёстой. Тэгэхгүй бол өнөөдөр хуурамч архи борлуулсан хүнд торгуулийн арга хэмжээ авч байна. Өчнөөн шагийн архи зарж борлуулсан хүнийг 40 мянган төгрөгөөр торгоод явуулдаг хуулийн хариуцлага байгаа учраас байсаар байна. Энэ бүгдийг тооцсон бодлогын шинэчлэлийг хийх ёстой гэж харж байна.

–Энд нөгөө талдаа архи, согтууруулах ундаа үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдийн асуудал байдаг. Эдгээр аж ахуйн нэгжүүд том татвар төлөгч, ажлын байр бий болгогчид. Энэ аж ахуйн нэгжүүдийн асуудал бодлогод хэрхэн тусаж байгаа вэ?

-Манай улсад хэрэглэж байгаа согтууруулах ундааны зөвхөн архийг л аваад үзэхэд 97 хувь нь үндэсний үйлдвэрлэгчдийн үйлдвэрлэсэн архи байдаг. Бид үндэсний үйлдвэрлэгчдээ хохироосон бодлого, шийдвэр гаргаж болохгүй гэдэг талаас нь харж, тооцож байгаа. Энэ асуудлаар үндэсний үйлдвэрлэгчидтэйгээ уулзаж, санал солилцсон.

Харин ч эерэг үр дүн гарахаар байгаа. Үндэсний үйлдвэрлэгчид бага градустай архиа түлхүү үйлдвэрлэж, иргэд ч бага градустай архи хэрэглэж төлөвшөөд эхэлбэл өмнө нь олж байсан орлогоо олох боломж бүрдэнэ гэж харж байна. Түүнчлэн өндөр градустай архины татвар нэмэгдэхээр улсын төсөвт төвлөрөх татварын хэмжээ нэмэгдэнэ.

–Та Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх. Яагаад энэ асуудал дээр Ерөнхийлөгч, Ерөнхийлөгчийн Тамгын газар анхаарал хандуулах болов? Анх сэдэл нь хаанаас үүсээд энэ асуудлыг нийгэмд тодоор дэвшүүлэх болов?

-Энэ бол өнөөдөр л яригдаж байгаа сэдэв биш. Одоогийн Ерөнхийлөгч Засгийн газрын тэргүүн байхдаа архидалтын асуудал дээр зөв бодлого хэрэгжүүлэх ёстой гэдгийг ярьж эхэлсэн. Энэ асуудлыг яагаад чухалчилж авч үзэх болсон нь та бидний нүдэн дээр ил байна. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, согтууруулах ундаанаас үүдэлтэй өвчлөл, осол гэмтэл гэх мэт хувь хүнд асар их хор нөлөөтэй үр дагаврууд байна. Нөгөө талаасаа архидалтын нийгэмд үзүүлж буй хортой нөлөө байна.

Бидний байнга ярьдаг хүүхдийн хүчирхийллийн ард, дийлэнх хувьд нь архи холбогддог. Зам, тээврийн ослын дийлэнх нь архитай холбогддог. Хүмүүс ядуу байгаагийн бас нэг гол шалтгаан нь архи.

Энэ үнэхээр хүмүүс ажилгүй, ядуу байгаагийнх уу? Сэтгэхүйн асуудал байна гэж харж байгаа. Мөн архийг бодлогоор дэмжиж ирсэн асуудал байна гэдэг нь тодорхой байна. Тийм учраас бид үүний эсрэг зайлшгүй арга хэмжээ авах ёстой гэдэгт хатуу байр суурьтай байгаа.

–Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч мөн архины асуудлыг хөндөж гаргаж байсан. Өөрөө шинэ жилийн мэндчилгээндээ сүү тулгадаг байсан. Ядаж төрийн ёслол, арга хэмжээнүүд дээр архи хэрэглэхгүй гэж зарласан. Гэвч өнөөдрийг хүртэл архины сөрөг үр дагавар буураагүй, тулгамдсан асуудал хэвээрээ байна. Тэгэхээр архи бол Ерөнхийлөгч хүний хэлэх ёстой лоозон, уриа юм байна, нийгэмд хамгийн их тулгамдсан, хөндүүр сэдвийг барьж аваад ажил хийж байгаа юм шиг харагдаад, попроод өнгөрөх вий гэсэн эргэлзээ байна? Бид хоёроос хойш тав, арван жилийн дараа дахиад хоёр хүн яг ингээд яриад сууж байвал тун харамсалтай байна. Энэ удаа зүгээр нэг яриа биш гэж харахын тулд юунд итгэх ёстой вэ? Яагаад энэ удаа гэж?

-Энэ удаа архины асуудлаар лоозогноод өнгөрөхгүй гэдэгт би бат итгэлтэй байна. Олон шалтгаан бий.

Нэгдүгээрт, одоогийн Ерөнхийлөгч Засгийн газрын тэргүүн байсан учраас энэ олон зүйлсийн учир шалтгааныг сайн мэднэ. Хоёрдугаарт, Гуравдугаарт, архи, согтууруулах ундааны зохистой хэрэглээг бий болгох зорилгоор бид маш олон судалгаа хийсэн. Өнөөг хүртэл энэ асуудлаар хийгдсэн, гар дээрээ тавих бэлэн судалгаа байдаггүй байсан. Энэ удаа бид илүү шинжлэх ухаанч, бодит байдлаар асуудалд хандаж байгаа.

Тийм учраас Монголын ард түмний үндэсний аюулгүй байдалд заналхийлэх түвшинд очсон өнөөгийн нөхцөл байдлыг бид өөрчилж чадна гэдэгт 100 хувь итгэлтэй байна.

–Сүүлийн үед манай төр, засаг олон нийтийн сүлжээн дэх хандлагыг харж ажлаа явуулдаг болчихоод байна. Нийгмийн сүлжээнд тодорхой бүлэг хүмүүсийн дунд архидалтын эсрэг тэмцлийг гутаах хандлага харагдаж байна. Үүнээс болоод эрчээ битгий алдаасай, ажлаа нийгмийн сүлжээгээр битгий явуулаасай гэж чин сэтгэлээсээ хүсэж байна.

-Бидний одоо баримталж буй, цаашид баримтлах зарчим гэж бий. Бид цаашид олон нийтийн сүлжээнд хөтлөгдсөн шийдвэр гаргахгүй гэж харж байна. Өнгөрсөн хугацаанд ч тэгж шийдвэр гаргасан тохиолдол байхгүй. Цаашдаа ч хадгалагдаж явна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
203.91.115.38

Архиныхаа асуудлыг шийдээ ядарсан эмэгтэйчүүд хүүхдүүд хохирч байна судалж үзээд 15 аас дээш жил архи уусан архичадаа ачаад явдаг болоо

Zochin
2 жилийн өмнө
192.82.74.216

Zaluuchuudad tsagaa unguruuh gazar baidaggui. Sport tsogtsolboruud barimaar bna. Couldn't tsagaa unguruuh gazar bhgui. Ongorhoigoor ni bar l order bh.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.