? LIVE: Тээвэрчид: "Гутал авч орж ирээд та нар луу шиддэг байж"
Коронавирусийн халдварын нөхцөл байдлаас үүдэн БНХАУ-ын талаас нэгдүгээр сараас эхлэн задгай тээврийн оронд чингэлэг тээвэр явуулах шаардлагыг тавьсан. Энэхүү шийдвэр нь задгай тээвэр хийдэг хэдэн мянган жолооч нарт нэн хүнд тусаж буйг өнөөдөр ХБХ хийж мэдэгдсэн билээ.
Тэгвэл уг мэдэгдэл хийсэн жолооч нарын төлөөллийг Шадар сайд С.Амарсайхан, ЗТХ-ийн сайд Л.Халтар, ГХЯ-ны төлөөлөл хүлээн авч уулзлаа.
Тээвэрчид: Гурван асуудал байна. Нэгдүгээрт, ЗТХ-ийн сайд Л.Халтар ашиг сонирхолын зөрчилтэй байгаагаас үүдэж тээвэрчид биднийг хохироож байна. Хоёрдугаарт, Задгай тээвэр явуулах боломжийг нэн яаралтай нээж өгөөч. Гуравдугаарт, ГХЯ бидний төлөө ажиллахгүй байна. Дипломат албаны шугамаар асуудлыг нэн даруй залруулах шаардлагатай байна.
Тээвэрчид: Олон мянган жолооч нарыг өрөнд оруулчихаад бодлогын алдаа гараагүй гэж яримааргүй байна. Ажлын хэсэг байгуулья гэж тархи угааж байна. Өмнөх ажлын хэсэг чинь нэг удаа ч хуралдаагүй, шийдвэр гаргаагүй. Хуралдья гэхээр "Хуралдаж яах юм бэ. Та нар хэрүүл л хийдэг" гэдэг
ЗТХ-ийн сайд Л.Халтар: БНХАУ-д Ковидын тархалт нэмэгдэж эхэлсэн. Манай улс мэддэг байсан бол задгай тээврийг аль эрт явуулах байсан. БНХАУ-ын талаас хүн хоорондын харилцаа үүсгэхгүйгээр дундын бүсийг ашиглаж чингэлэг тээвэртэй ачааг нэвтрүүлэх шаардлага тавьсан. Өөрөөр хэлбэл задгай тээвэр хүлээж авахгүй гэсэн. Үгүй бол хилээр оруулах ачаа барааг хязгаарлана гэсэн. Диломат албаны шугамаар бид энэ шаардлагыг өөрчилж, задгай тээвэр явуулж өгөөч гэсэн хүсэлтийг удаа дараа тавьсаар байгаа ч нааштай хариу ирэхгүй байна. ГХЯ тодорхой тайлбар өгсөн. Байдал ийм л байна. Ашиг сонирхлын зөрчлийн талаар тодорхой баримттай зүйл ярьмаар байна. Таамаг ярьж болохгүй.
Шадар сайд С.Амарсайхан: Тээвэрчдийн банкны хүү, амьдралын хүндрэлийг бид ярьж байгаа. Бараа материалыг оруулж ирэхтэй холбоотой гааль, татвар хураамжийг боломжтой хэлбэрээр хөнгөлөх, хөнгөлөлттэй зээл тусламжаар бизнес эрхлэгчдээ дэмжих гэх мэт асуудлыг Засгийн газар хэлэлцэж байна. Нууц машин тэрэгтэй холбоотой асуудлын мэдээллээ дэлгэрэнгүй өгвөл сайн байна. Хилийн цаана ачаа тээвэрлэж байгаа асуудал манай тал оролцох боломжгүй. Тээвэртэй холбоотой сайд дарга нарын хувийн сонирхол байхгүй гэж бид үзэж байна. АТҮТ, ГХЯ аль болох тээврийг нэмэгдүүлэх, тасралтгүй тээвэр явуулах талаар шат шатанд ажиллаж байна.
Иргэн: Ажлын хэсэг Замын-Үүдэд ажиллахдаа халдвар хамгааллыг сайжруулна, ачаа барааны эргэлтийг нэмэгдүүлнэ, үнийн хөөрөгдлийг багасгана гэж амласан. Үүндээ хариулт авья. Төр иргэн хоёр харилцан ойлголцож ажиллая гэж хүсэж байгаа. Гэтэл бидний эсрэг МАН-ын троллын арми ажиллаад байна. Биднийг хэрэлдүүлж хагалаад байна шүү дээ.
Шадар сайд С.Амарсайхан: Халдвар хамгааллын дэглэмүүд тодорхой нөхцөлд мөрдөгдөөд явж байна. Ачаа эргэлтийг нэмэгдүүлэх тухайд тухайн үед өдөрт 20 контейнер ачаа орж ирж байсан бол одоо 60-70 орж ирж байна. Ганцхан автомашин тээврээр биш төмөр замаар татан авалт хийгдээд эхэлсэн. Өдөрт 50 вагон ачих боломж үүссэн. Задгай тээвэр явуулах талаар урд хөршийнхөнтэй байнга ярьж байна. БНХАУ-ын талаас зөвхөн контейнерээр ачаа явна. Эрээн боомтод дахиад халдвар гарвал хамгийн багадаа 28 хоногийн хатуу хөл хорио тогтооно, та бүхэн нөхцөл байдалд нийцүүлж зохион байгуулалт хийвэл хий гэсэн. Байдал ийм л байна. Дундын бүсийн талбайг томсгох чиглэлээр нааштай ахиж гарц байгаа. Задгай тээвэр л явуул гэж дур зоргоороо дайраад байж болохгүй шүү дээ. Урд хөрштэй гарц шийдэл ярих асуудлыг эрчимжүүлье.
Уулзалтын төгсгөлд ЗТХ-ийн дэд сайд Ж.Бат-Эрдэнээр ахлуулсан ажлын хэсэг байгуулж, тээвэрчдийн төлөөллийг оруулах, цаашид тэдний ажлын байрыг алдагдуулахгүйгээр асуудлыг хэрхэн шийдэх талаар эрчимтэй ажиллах саналыг Шадар сайд тавилаа. Гэвч тээвэрчдийн төлөөлөл төв талбайд цугласан 1000 шахам жолооч нартаа очиж хэлэх үг, шийдэл алга байна. Бид тарж чадахгүй, Монгол Улсын Ерөнхийлөгчид хандана, Засгийн газар хуралдаанаараа энэ асуудлыг авч хэлэлцээд эцсийн байдлаар хариу өг, бидэнтэй талбай дээр гарч уулз гэх шаардлагыг тавьлаа.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.