"No war" жагсаалыг "Хөх Монгол" бүлгэм эсэргүүцэж, зөрчилдөөн үүсэв
"No double standart" хөдөлгөөнөөс өнөөдөр Сүхбаатарын талбайд "No war" жагсаалыг зохион байгуулах үеэр "Босоо Хөх Монгол" бүлгэмийн эсэргүүцэлтэй тулан, зөрчилдөөн үүсэв.
Иргэн Э.Одбаяр:
-Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж, үзэл бодлоо илэрхийлэн тайван жагсаж байхад фашист, нацист хүмүүс ирээд жагсагчдын лоозон, барьж байгаа эд хэрэгслийг булаан авч байна. Би 2022 оны хоёрдугаар сарын 25-ны өдөр ОХУ-ын элчин сайдын яамны гадаа тайван жагсаал хийнэ гэж очсон. Ер нь Путиний түрэмгийллээр маш олон хүн нас барж байна. Украины ард түмэн түрэмгийлэлд өртөж байгаагаас гадна ОХУ-ын бүгд найрамдах Халимаг, Буриад, Тува зэрэг монгол угсаатай залуус дайны фронт руу нүцгэн гартай нь явуулж байгаад хамгийн ихээр эмзэглэж байна гэв.
"Хөх монгол" бүлгэмийн төлөөлөл:
-Сүхбаатарын талбайд Оросын элчин сайд ирсэн байна. Өнөөдрийн энэ жагсаал Орос Монголын харилцаанд сэв суулгах гээд байна. Өнөөдөр Орос улс крантаа хаахад л манай улсын бензин ховордоно. Бензиний үнэ өсөхөөр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэнэ. Үүний хариуцлагыг хэн үүрэх юм бэ? Энэ бүхий эцэст хүнд ачааг ард түмэн үүрнэ. Эд нар үүрэхгүй, тийм болохоор энд эсэргүүцэх гэж ирсэн.
"No war" гэдгээ боль хужаагийн бэлгэдэл болсон шар даавуугаа боль. Бид өмнө нь ард түмнийг хагарал, тэмцэлд уриалахаа боль гэж удаа дараа мэдэгдэл хийж байсан. Эд нар шар өнгийг онцлоод байна. Монголыг мөхөөх шар өнгийг онцолж байгааг эсэргүүцэж байна. Манжийн өнгөөр Засгийн газрын ордныг хүртэл эд нар ороож байсан. Бид нар үндэсний үзэлтэй бүлгэмийн хувьд энд эгдүүцэж байна. Монголоо гэсэн хүн бүр дургүй байгаа гэв.
ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү:
-Тус жагсаал дээр хэсэг залуусын хооронд үзэл бодлын зөрчилдөөн гарч, маргалдахад нь л цагдаагийн алба хаагчид урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, зогсоосон. Цагдаагийн байгууллага иргэдийн үзэл бодлоо илэрхийлэхэд хүндэтгэлтэй ханддаг. Гэхдээ гол нь хоорондоо маргалдаж байсан уг үйл явдлыг зохицуулах арга хэмжээ авсан.
Жагсаал цуглааны үеэр цагдаагийн алба хаагчид нийгмийн хэв журам зөрчигдөж, эмх замбараагүй байдал үүссэн учраас үүргийн дагуу зохицуулсан. Хэн нэгнийг гэмтээсэн, хорьсон зүйл байхгүй гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.