ОХУ-ын хоёр тэрбумтан дайныг эсэргүүцэв
ОХУ-ын тэрбумтнууд Михаил Фридман, Олег Дерипаска нар Украин дахь түрэмгийллийн эсрэг байр сууриа илэрхийлж, Оросын тэргүүлэгч бизнесменүүдийн дундаас Путины эсрэг дуу хоолойгоо өргөсөн анхны эрхмүүд болов.
Оросын хамгийн том хувийн банк болох "Альфа банк"-ийг үүсгэн байгуулсан Фридман нь тус улсын хамгийн чинээлэг хүмүүсийн нэг бөгөөд "LetterOne" хувийн хөрөнгө оруулалтын фирмийг удирддаг юм. Украинд төрсөн тэрээр ажилтнууддаа хандаж бичсэн захидалдаа "Эцэг, эх маань одоог хүртэл Львов хотод амьдардаг. Харин би амьдралынхаа ихэнх хугацааг Оросын иргэнээр өнгөрүүлж, тэнд бизнесээ байгуулж, хөгжүүлсэн. Би Украин, Оросын ард түмэнтэй нягт холбоотой бөгөөд энэхүү мөргөлдөөн нь хоёр улсын иргэдийн эмгэнэл гэж харж байна. Дайн хэзээ ч хариулт байж чадахгүй бөгөөд цус урсгах явдлыг зогсоох ёстой" хэмээн тэмдэглэсэн байна.
Дерипаска ч мөн "Энх тайван бол маш чухал зүйл" гэж онцлоод, "Аль болох хурдан" энхийн хэлэлцээг эхлүүлэхийг уриалжээ. Оросын хөнгөн цагааны томоохон компани болох "Rusal"-ыг үүсгэн байгуулсан Дерипаска нь энэ сарын 21-ний өдөр Украинд дайн болохгүй гэж мэдэгдээд байсан билээ.
Эдгээр хоёр эрхэм нь Украин дахь цэргийн ажиллагааг зогсоохыг уриалсан Оросын алдартнуудын жижиг бүлэгт ийнхүү нэгдсэн ч тус улсын олон олигарх чимээгүй хэвээр байгаа юм. Барууны орнуудын зүгээс ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ авч эхлээд буй энэ үед тус улсын хамгийн чинээлэг хүмүүс эдийн засгийн томоохон хямралтай тулгарах төлөвтэй байна.
Эх сурвалж: The Guardian
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.