Хөвсгөл нуурын тусгай хамгаалалтын бүсэд шинээр газар олголтыг зогсооно

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Хөвсгөл нуурыг хамгаалах” Үндэсний чуулган 2022 оны хоёрдугаар сарын 23,24-ны өдрүүдэд Төрийн ордонд явагдаж байна. Тус чуулганыг Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран зохион байгуулав.

274722866 284839313783845 7580544299837785976 n

“ХӨВСГӨЛ НУУРЫГ ХАМГААЛАХ ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН”-ААС ГАРСАН ЗӨВЛӨМЖИЙГ БҮРЭН ЭХЭЭР ХҮРГЭЖ БАЙНА​​

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулсан “ХӨВСГӨЛ НУУРЫГ ХАМГААЛАХ ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН”-аар Хөвсгөл нуурын экосистемийг хамгаалах, бохирдол, доройтлыг бууруулах, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар хэлэлцэн дараах зөвлөмжийг гаргав.

Нэг. Хөвсгөл нуурын экосистемийг хамгаалах талаар:
1.1. Хөвсгөл нуурын экосистемийн төлөв байдлын байнгын мониторинг судалгаа, шинжилгээ хийх чиг үүрэг бүхий судалгааны төв байгуулах;
1.2. Тусгай хамгаалалттай газар нутгийн хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгож, хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулах;
1.3. Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрыг тусгай хамгаалалттай газрын жишиг загвар болгон хөгжүүлэх талаар цогц төлөвлөгөө боловсруулан батлуулж, хэрэгжилтийг ханган ажиллах;
1.4. Хөвсгөл нуурын экосистемийг бүхэлд нь хамгаалах, биологийн олон янз байдал, байгалийн унаган төрхийг хадгалах зорилгоор улсын тусгай хамгаалалттай газрыг өргөтгөх;
1.5. Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газар болон орчны бүсийн Хатгал тосгон, Ханх, Алаг-Эрдэнэ сумдын хог хаягдлын менежментийг сайжруулах, хатуу хог хаягдлыг боловсруулах стандартын шаардлага хангасан байгууламж байгуулах;
1.6. Хөвсгөл нуурын экосистемийн үнэ цэн, нуурыг хамгаалах, экологийн боловсрол олгох, аялал жуулчлалд оруулах хувь нэмрийг сурталчлах, таниулах ажлыг зохион байгуулах;
1.7. Хөвсгөл нуурын экологийн эрсдэлийн үнэлгээ, мониторингийн технологи боловсруулах төсөл хэрэгжүүлэх;

Хоёр. Хөвсгөл нуур орчмыг тогтвортой аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх талаар:
2.1. Хөвсгөл нуурын тусгай хамгаалалтын бүсэд газар олголтыг цэгцэлж, шинээр газар олголтыг зогсоох;
2.2. “Хөвсгөл нуурын Эко аялал жуулчлалын бүсийг хөгжүүлэх төлөвлөгөө”-ний хэрэгжилтийг эрчимжүүлэх;
2.3. Аялал жуулчлалын стандартын шаардлагыг шинэчлэн боловсруулж, мөрдүүлэх, стандартын шаардлага хангаагүй жуулчны баазуудын зөвшөөрлийг цуцлах, гэр кампын үйл ажиллагааг хориглох хүртэл арга хэмжээ авах;
2.4. Аялал жуулчлалын баазын хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан ялгах, бууруулах, дахин боловсруулах цогц менежментийг хэрэгжүүлэх;
2.5. Жуулчдад зориулсан соёл, аялал жуулчлалын мэдээллийн төвийг Хатгал тосгон, Ханх суманд байгуулах, тусгай сонирхлын аяллын жим, отоглох цэгийн тоог нэмэгдүүлэх;
2.6. Хөвсгөл нуурыг хамгаалах нөлөөллийн ажлыг зохион байгуулж, орон нутгийн иргэд, залуучуудыг хамруулах;
2.7. Нуураас татаж гаргасан Сүхбаатар хөлөг онгоцыг аялал жуулчлалын үзмэр болгох зорилгоор төлөвлөлт хийж дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх, нэгдсэн авто зогсоол барьж байгуулах;

Гурав. Хөвсгөл нуурын усны бохирдол, чанарын асуудлаар:
3.1 Хөвсгөл нуурыг үндэсний бахархалт нуур болгох;
3.2 Усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийг тэмдэгжүүлэх, дэглэмийг мөрдүүлэх, үүссэн зөрчлүүдийг арилгах арга хэмжээ авах;
3.3 Усан тээврийн үйл ажиллагаанд олон улсын стандарт нэвтрүүлэх, мөрдүүлэх, бүртгэлийг шинэчлэх, усан зогсоолын цогцолбор болон авто зогсоолын асуудлыг цогцоор нь шийдвэрлэх;
3.4 Нуур орчмын нүхэн жорлон, стандартын бус бохирын цооногийг устгах, хориглох, нийтийн зориулалт бүхий газруудад эко ариун цэврийн байгууламжуудыг байгуулах;
3.5 Хөвсгөл нуурын ёроолын иж бүрэн судалгааг хийж, усны нөөц, чанарт үзүүлэх эрсдэлийг бууруулах хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх;
3.6 Ханх, Хатгал сумдын ундны ус хангамжийн асуудлыг иж бүрэн төлөвлөж шийдвэрлэх, ус ариун цэврийн байгууламжийг нэгдсэн системд оруулж өгөх;
3.7 Хөвсгөл нуур ус судлалын өртөөний “Усны чанарын хяналтын лаборатори”-ийн үйл ажиллагааг идэвхжүүлж, дүн мэдээг боловсруулах, хяналт шинжилгээний цар хүрээг нэмэгдүүлэх;

Дөрөв. Хөвсгөл нуурт живсэн машин, техникийг татан гаргах талаар:
4.1. Нуурт живсэн тээврийн хэрэгслийн байршил, гүнийг нарийвчлан тодорхойлж, зураглал, суурь судалгааг хийж, живсэн тээврийн хэрэгслийг 2024 оны дотор үе шаттай татан гаргах ажлыг аюулгүй байдлыг ханган зохион байгуулах;
4.2. Хөвсгөл нуур орчмын гамшгийн эрсдэлийн болон татан гаргах ажиллагааны эрсдэлийн үнэлгээг нарийвчлан хийж, эрсдэлийг бууруулах арга хэмжээг авч хэрэгжүүлэх;
4.3. Усны гүнд эрэн хайх, аврах тусгай зориулалтын техник, тоног төхөөрөмжийг худалдан авах, усан дор хайгуул судалгаа хийх, татан гаргахад шаардагдах хөрөнгийг шийдвэрлэх;
4.4. Усан замын тээврийн хэрэгслийн техник ашиглалт, бүрэн бүтэн байдал, аюулгүй ажиллагаанд тавих хяналтыг сайжруулах;
4.5. Нуурын мөсөн дээгүүр автомашинтай зорчих, тээвэр хийхийг хориглох /хязгаарлах/, анхааруулах тэмдэг тэмдэглэгээ байршуулах зэрэг урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч, хяналтыг сайжруулах.
274634090 284839383783838 9138531119800900987 n

274657445 284839413783835 5966318668748286604 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.