Хонконг бүх иргэнээ коронавирусийн шинжилгээнд хамруулахаар болжээ
Хонконгийн эрх баригчид коронавирусийн халдварын тархалттай тэмцэхийн тулд нийт 7.5 сая иргэнээ шинжилгээнд хамруулахаар шийдвэрлэжээ.
Тус бүсийн бүх оршин суугч ирэх 3 дугаар сарын дунд үеэс эхлэн гурван удаагийн "ПСР" шинжилгээнд хамрагдах ёстой гэж Засгийн газрын тэргүүн Кэрри Лам мэдэгдсэн байна. Энэхүү ажлын хүрээнд албаныхан шинжилгээ авах хүчин чадлаа өдөрт нэг сая хүртэл нэмэгдүүлэх бөгөөд иргэд долоо хоногийн зайтай шинжилгээ өгөх аж.
Түүнчлэн иргэд өдөр бүр түргэвчилсэн шинжилгээнд хамрагдах шаардлагатай ба ирэх хэдэн долоо хоногийн дотор Хонконгийн хүн амын томоохон хэсэг нь тусгаарлалтад орж болзошгүй гэж мэргэжилтнүүд анхааруулж байгаа юм.
Хатагтай Лам энэ талаар мэдэгдэхдээ "Ирэх нэгээс гурван сарын хугацаа бол цар тахлын эсрэг бидний тэмцлийн маш чухал үе. Халдварын одоогийн тархалт манай Засгийн газрын хүчин чадлаас хол давсан" гэж тэмдэглэжээ.

Хонконгт өнгөрөгч мягмар гарагт халдварын 6,211 шинэ тохиолдол бүртгэгдсэн бөгөөд шинжилгээний дутмаг байдлын улмаас бодит тоо нь илүү өндөр байж магадгүй юм. Тус бүсэд цар тахлын эхний хоёр жилд ердөө 12,650 тохиолдол бүртгэгдсэн ч энэ оны 1 дүгээр сараас хойш нийт тохиолдлын тоо тав дахин нэмэгдсэн байна.
Кэрри Ламын засаг захиргаа БНХАУ-ын "Тэг Ковид" бодлогыг баримтлахыг хичээж байгаа боловч "Омикрон" хувилбар хурдацтай тархаж байгаагийн улмаас эмнэлэг, шинжилгээний хүчин чадал, тусгаарлалтын байгууламжууд нь хэт ачаалалд ороод байгаа билээ.
Эх сурвалж: BBC
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.