?LIVE: Ц.Мөнхцэцэг: Дотуур байрны цагаан хэрэглэлийг бохирдууллаа хэмээн гарыг хугартал зодсон хэрэг гарсан
УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг ариун цэврийн хэрэгслийг үнэгүй байрлуулах төсөв батлуулах тухайгаа цахим хуудсандаа илэрхийлсэн. Энэ талаар өөрөөс нь тодрууллаа.
УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг:
-Орон нутгийн сургуулийн дотуур байранд байрлах наймдугаар ангийн охины сарын тэмдэг ирсэн үед ариун цэврийн хэрэглэл байхгүйн улмаас дотуур байрныхаа ор хөнжлийн даавуунаас урж, хэрэглэснийг дотуур байрны эрхлэгч нь мэдээд гарыг нь хугартал зодсон гэх ийм мэдээлэл яваад байгаа. Үүнтэй холбоотойгоор орон нутгийн сургууль, дотуур байр, орлогын түвшин бага тодорхой бүс нутгуудад ариун цэврийн хэрэглэл асуудал дагуулж байгаа эсэхийг судалж байна. УИХ-ын гишүүн Ч.Ундрам, М.Оюунчимэг гишүүдтэй хамтран энэ чиглэлээр судалгаа хийгээд явж байсан юм.
Тухайн хүүхдэд ариун цэврийн хэрэгслийн олдоц муу, орлого багатай тохиолдолд нийгмийн харилцаанд ороход нь бэрхшээл болдог. Тухайлбал, хичээлдээ явахгүй байх, спорт болон урлагийн чиглэлээр суралцдаг хүүхдүүдэд бэрхшээл болдог нь олон улсын судалгаанд дурдсан байдаг. Дэлхийн 20 гаруй улсад энэ чиглэлээр томоохон хуультай. Тухайлбал, ариун цэврийн хэрэгслийг татвараас чөлөөлөх, олон нийтийн газар, сургуулийн орчинд үнэгүй байршуулах явдал түгээмэл байдаг.
НҮБ-ын зүгээс охидын сурч боловсрох эрхийг хангах гол асуудлын нэг нь энэ гэж үзсэн байдаг. Монгол Улсын хувьд хүн амын 50 хувь нь хөдөө орон нутагт боловсон жорлонгүй орчинд амьдарч байна. Охидын эрүүл мэндийг дэмжих үүднээс ариун цэврийн хэрэглэл хүртээмжтэй байх асуудлыг ярихаас өөр арга байхгүй.
Манай улс 11-18 насны 220,225 эмэгтэй хүүхэдтэй. Ингээд тооцоолбол, өсвөр насны охидод ариун цэврийн хэрэглэл тараахад сард 2 тэрбум 2 сая 250 мянган төгрөг зарцуулахаар байна.
УИХ-ын эмэгтэй гишүүд санаачлан өнгөрсөн жилээс Монгол Улсын хэмжээнд сургууль, цэцэрлэгийн 819 жорлонг шинэчлэх ажлыг зохион байгуулж, эхнээсээ хэрэгжээд явж байгаа. Дараагийн асуудал бол хэн нэгнээс ичиж, зоволгүйгээр ариун цэврийн хэрэглэлийг хангалттай хүртээмжтэй болгох асуудлыг гаргаад тавиад явж байна гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.