Н.Цэлмүүн: “МАК Цемент” ХХК-ийн Хөгжлийн банкнаас авсан зээл ийм учиртай
МАК буюу Монголын алт корпорацийн Ерөнхийлөгч Нямтайширын Цэлмүүн дараах мэдэгдлийг өөрийн цахим хуудсаар гаргажээ.
Тэрбээр "Монгол Улсын Хөгжлийн Банкнаас олгогдсон чанаргүй зээлүүдийн тухай олон нийтийн хэвлэл, мэдээллээр гараад буй мэдээлэл дунд манай компанийн нэр бөгөөд тус банкнаас авсан зээлийн талаарх ташаа мэдээлэлд дараах залруулгыг гаргаж байна.
“МАК Цемент” ХХК нь үйл ажиллагаагаа эхэлснээр БНХАУ-аас 382 тэрбум төгрөгийн импортын цементийн мөнгөн урсгалыг зогсоосон, 600 гаруй шууд ажлын байр бий болгосон, Монгол Улсын төсөвт жилдээ 65.7 тэрбум төгрөгийн татвар хураамж төлдөг, 250 гаруй ЖДҮ-ээс 60 тэрбум төгрөгийн худалдан авалт хийдэг, европ технологид суурилсан үйлдвэр юм.
Тус үйлдвэрт нийт 340.6 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгдсэнээс 175.5 сая ам.долларыг (52%) өөрийн хөрөнгөөр, 98.7 сая ам.долларыг (29%) гаднын банкны зээлээр босгосон. Харин үлдэж буй 66.5 (19%) сая ам.доллар буюу тухайн үеийн ханшаар 135 тэрбум төгрөгтэй тэнцэх зээлийг Хөгжлийн банк 2014 онд олгохоор шийдвэрлэсэн ба зээлийн барьцаанд 183.3 тэрбум төгрөгийн үнэлгээтэй хөрөнгө барьцаалсан.
Үүнээс өнөөдрийн байдлаар 45.9 сая ам.доллар буюу 130.8 тэрбум төгрөг (үндсэн зээлд 17.2 сая ам.доллар буюу 49 тэрбум төгрөг, хүүгийн төлбөрт 28.7 сая ам.доллар буюу 81.8 тэрбум төгрөг) төлөөд байгаа ба энэхүү зээл нь чанаргүй зээлийн ангилалд ороогүй болно.
Харин ЗГ-ын тогтоолоор төгрөгийн зээл олгохоор шийдвэрлэсэн хэдий ч Хөгжлийн банк зээлийн 84%-ийг ам.доллароор олгосон нь тухайн үеийн 2,029 төгрөгтэй тэнцэх 1 ам.долларын ханш өнөөдөр 2,850 төгрөг болсноор ханшийн зөрүүний алдагдалд 45.6 тэрбум төгрөгийг зээлийн төлбөр дээр нэмж төлөх болсон нь манай компанид ноцтой хохирол учруулж байна.
Манай компани нь Монгол Улсын Хөгжлийн банкнаас авсан зээлээ хуваарийн дагуу төлж байгаа бөгөөд чанаргүй зээлийн ангилалд ороогүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Компанийн зүгээс уг зээлийг хугацаанд нь бүрэн эргэн төлөхөөр ажиллахын зэрэгцээ улс орны бүтээн байгуулалтад оруулах хувь нэмрээ улам өргөжүүлэн ажиллах болно" гэжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.