Зэвсэгт хүчин дэх бичигдээгүй дүрэм нэг ангийн захирагчийг амиа алдахад хүргэв үү
Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний стратегийн цугларалт өнгөрсөн долоо хоногт болсон байна. Энэ үеэр зэвсэгт хүчний нефть хангалтын ангийн захирагчаар томилогдоод удаагүй нэгэн офицер таалал төгсжээ.
Түүний нас барсан шалтгааныг хэд хэдэн эх сурвалж энэ салбар дахь бичигдээгүй, тогтсон “дүрэм, журам”-тай холбоотой хэмээж буй юм. Зэвсэгт хүчинд нэлээд олон жилийн өмнөөс шинээр томилогдсон ангийн захирагч нарыг “тангараг өргүүлэх” уламжлал тогтоож, шинэ дарга нартайгаа хууччуул нь нийлж архи уудаг аж. Энэ бичигдээгүй “дүрэм, журам”-ын дагуу арга хэмжээ нь дээрх цугларалтын төгсгөлд голдуу болдог гэнэ.
Үүнд бэлтгэн дээрх ангийн захирагчаар томилогдоод удаагүй М болон өөр нэг бус ангийн удирдах албан тушаалтан сархад хүртсэнээс энэ харамсалтай явдал болсон аж. Уг асуудалтай холбогдуулан ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Ганзориг анги, салбарын захирагч нарт үүрэг өгч, цугларалт тармагц анги, байрлалдаа очоод эргэж мэдэгдэхийг тушаасан байна. Зэвсэгт хүчинд хариуцлага хүлээлгэх явдал шударга бус гэдгийг зарим алба хаагч хэлдэг. Бага тушаалын офицер, ахлагч нар архи ууж, хэрэг зөрчилд холбогдож, нэг нь нас барсан тохиолдолд хамт байсан ахлагч нарыг халсан тохиолдол нэг бус.
Энэ удаа талийгаач захирагчтай хамт байсан ахлах офицеруудад хариуцлага тооцсон, эсэх нь тодорхойгүй.
Зэвсэгт хүчний алба хаагчтай холбоотой өөр нэг таагүй мэдээ байгаа нь нэгэн ангийн сургагч ахлагч цолтой Г гэх хүн согтуудаа эхнэрээ зодож хөнөөсөн явдал. Баянзүрх дүүргийн IV хорооны нутаг дахь батлан хамгаалах салбарын алба хаагчдын амьдардаг хотхонд тэрбээр архи хэтрүүлэн хэрэглэж, эхнэр Н-ийг хардан зодож амийг нь бүрэлгэсэн байна. Хэргийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн II хэлтэст шалгаж буй агаад хэргийн холбогдогч Г энхийг сахиулах ажиллагаанаас ирээд удаагүй байхдаа ийм хэрэг үйлдсэн гэнэ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.