СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2022-01-10

🔴 УОК: Омикрон хувилбар эрчимтэй тархаж байгаа ч цагаан сарыг хорихгүй

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
2 жилийн өмнө

Омикрон хувилбар эрчимтэй тархаж байгаа учраас Улсын онцгой комиссоос сэрэмжлүүлэг мэдээлэл өглөө.

УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү: Гадны улс орнуудад Омикрон хувилбараар өвчилсөн хүмүүс өдөрт нэг саяас дээш илэрч буй учраас эмнэлгийн ачаалал дийлэхгүйд хүрч байна. Манай улсад ч өндөр ачаалал ирэхээр байна. Өндөр настан, жирэмсэн хүмүүс, вакцинд хамрагдаагүй хүүхдүүдийг эрүүл мэндийн байгууллага авна. Аливаа суурь өвчингүй, вакцинд хамрагдсан хүмүүст Омикрон хувилбан хөнгөн илэрч байгаа учраас гэрээрээ эмчлэхийг зөвлөж байна. 

Албан байгууллага, аж ахуйн нэгж дотоодын зохион байгуулалтаа өөрчилж аль болох ээлжээр, цахимаар ажиллуулах зөвлөмж өгч байна. Мөн иргэд аль болох олон нийтийн арга хэмжээнд оролцохгүй байж өөрсдийгөө хамгаалахыг зөвлөж байна. 

-Халдварын тохиолдлын тоо өдөрт 20 мянгаас дээш гарвал эрүүл мэндийн байгууллага хүмүүсийг яаж эрэмблэх юм бэ. Анхан шатны нэгж байгууллага яаж ажиллах вэ?

-Дельта давлагааны үед манай анхан шатны эрүүл мэндийн байгууллагууд ачаалал үүрсэн. Бид туршлагажсан учраас энэ асуудалд санаа зовохгүй байна. Гол нь вакцины бүрэн тун болон нэмэлт тунд хамрагдсан хүмүүс Омикрон хувилбараар хөнгөн өвдөж байгаа тул тэднийг гэрээр эмчлэхийг зөвлөж байна. Халдварын тохиолдлын тоо маш өндөр байгаа учраас зохион байгуулалт хийж таарах байх.

-Вакцинжуулалт хангалттай юу?

-Вакцинжуулалтын цэг хангалттай ажиллаж байгаа. Хүрэлцээ нөөц ч хангалттай байна. 2,8 сая тун вакцин бий. Файзер болон синофарм вакцин бий. Бага насны хүүхдэд зориулсан вакцин худалдаж авахаар Засгийн газар ажиллаж байна.

-Цагаан сараар хөл хорио тогтоохгүй бол эрүүл мэндийн байгууллага ачааллаа дийлэх үү?

-2021 оны тавдугаар сараас эхлээд Засгийн газар хатуу хөл хорио тогтоогоогүй. Вакцингүй үед авч хэрэгжүүлж байсан хатуу арга хэмжээ бол хөл хорио байсан. Иргэдийн амьжиргаа болон улс орны эдийн засагт хөл хорио сөрөг үр дагавар дагуулж байна. 2-р сарын эхэн үеэр халдварын оргил үе таарч байгаа. Өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар төрийн байгууллагууд цагаан сарыг тэмдэглэхгүй байхыг үүрэг болгосон. Иргэд олон нийтийг аль болох гэр бүлийн хүрээнд цомхон тэмдэглэхийг зөвлөсөн. Энэ чиглэлээ баримталж байгаа. Иймд иргэд өөрсдөө л ухамсартай байх хэрэгтэй. Өргөн дэлгэр битгий тэмдэглээч. 

-Тусгааралтын үед хариуцлага алдсан албан тушаалтнуудад ямар хариуцлага тооцсон бэ?

- Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг ярьсан. Хуулийн ямар нэг шийдвэр гараагүй учраас нэр зарлаж болохгүй. Мэдээж хариуцлага тооцно. 

-Цаашид тохиолдлын тоо ихэсвэл яах вэ?

-Өнөөдрийн тухайд 4000 ор бэлдсэн. Ойрын хугацаанд 1200 ор нэмж бэлдэнэ. 42 хоног эрсдэлд суурилсан хариу арга хэмжээ авсан. 120 гаруй нислэгээр 12 мянган иргэн хүлээн авсан. 600 эерэг тохиолдол гарчээ. Илрүүлгийн хувь 5 хувьтай байна. Тусгаарлан ажиглах байранд 4 мянган орчим иргэнийг тусгаарласан. 155 эерэг тохиолдол илэрсэн. Хариу арга хэмжээ 4-5 хувийн илрүүлэг илрүүлж байгаа тоо гарсан. Он гараад нэг 7 хоног боллоо. ПСР-аар эерэг илрүүлэх тохиолдол зөөвөрлөгдсөнөөс илүүтэй дотоодод илүү тархаж байгаа нь ажиглагдлаа. Хоёр нислэг тутмын нэгд зөөвөрлөгдсөн тохиолдол илэрч байна. 

244 энхийг сахиулагчдаас 231 нь эерэг батлагдсан. Омикрон хувилбар 90 хувь халдварлах боломжтой гэж гарсан. Тусгаарласнаар дор хаяж 15-20 дахин хурдтай тархах хурдыг бууруулж чадсан. Эрсдэлд суурилсан хариу арга хэмжээ үр ашигтай байсан. Гэхдээ дотоодод ихээр тархаж буй учраас хариу арга хэмжээний хувилбарыг өөрчилнө. 

Дархлаа сэргээх 4 дэхь тунг хийх зайлшгүй шаардлага байна. Сайн дурын үндсэн дээр дархлаагаа сэдээх боломжтой шүү. 

-Хил хаалттай, эмийн нөөц дууссан. Халдварын тархалт нэмэгдэх тусам эм олдохгүй байна шүү дээ?

-Холбогдох мэргэжлийн байгууллагуудад удаа дараа үүрэг өгч зохион байгуулалтын арга хэмжээ авч байна. Цаашдаа цэг бүрдүүлэх, холбогдох татан авалтуудыг хийх чиглэлээр Засгийн газар ажиллаж байна. 

ДЭМБ: Омикрон хувилбарыг Сэжигтэй-ойрын хавьтал, Магадлалтай: ПСР-аар эерэг илэрсэн, Батлагдсан: Давтан шинжилгээгээр батлагдсан гэсэн гурван үе шаттай авч үзэж байна.

-Томуу ихсэж байна гэлээ. Омикроноос яаж ялгах юм бэ? 

-Манай улсад томуугийн цар тахлын оргил үе давхцаж байна. Өнөөдрийн байдлаар улсын түвшингээр авч үзвэл идэвхжлийн түвшин 10 мянган хүн амд тохиолдох тохиолдол 20-иос дээш хувь болохыг тооцдог. Нийслэлд 12,2 хувь, хөдөө орон нутагт 19,3 хувьтай байна. Нийт хүн амд 16,7 хувьтай байна. Өөрөөр хэлбэл, улирал хоорондын түвшинд байгаа 5 аймаг, идэвхжлийн түвшинд байгаа 10 аймаг байна, алаг цоог түвшинд 2 аймаг байна. Долоо долоо хоногийн өмнөөс томуугийн H2N3 вирус тодорхойлогдоод эхэлсэн. Энэ дунд коронавирусийн дэд үе шат ч холилдсон явж байна. Нийт арваад төрлийн вирус тархаж байна. Бүгд шинж тэмдэг нь амьсгалын дээд замын шинж тэмдгээр үүсгэгдэж байна.

Эмнэлзүйн шинж тэмдгийг энхийг сахиулагчдаас харвал 96 хувь нь хөнгөн, 4 хувь нь хүнд байсан. Хоолой өвдөх, халуурах шинж тэмдэг давамгайлжээ. ХӨСҮТ дээр маш хүнд 1 хувь, хүнд 10 хувь, хүндэвтэр 61 хувьтай байна. 

Томуу болон омикрон 2-ыг ПСР шинжилгээгээр л ялгана. 

-Халдварын оргил үе 1-р сарын сүүл 2-р сарын эхэн үе гэж байна. Гэтэл хичээл сургууль эхлэх гэж байна. Яах вэ?

-Аль болох хөл хорих, хязгаарлалт тавихгүй байх байр суурийг Засгийн газар баримталж байгаа. Нийт хүн амын 66,7 хувь нь вакцинд хамрагдсан. Энэ тоо цаашид нэмэгдэнэ. Иймд аль болох хөл хорихгүйгээр энэ давлагааг даван туулахыг зорьж байна. Эрсдэлт бүлэг рүү чиглэсэн арга хэмжээг мэдээж эрүүл мэндийн байгууллага авч байна. 

-Омикроныг гэрээр эмчлэх боломжтой юу. Ямар эм хэрэглэх вэ?

-УОК-оос эрүүл мэндийн байгууллагуудад эмийн нөөцийг дор хаяж 3 сараар бүрдүүлэхийг зөвлөсөн. ХӨСҮТ дээр вирусийн эсрэг 4 эм, антибиотик 19 төрөл, дусал 6 төрөл байна. 1-2 сарын нөөцтэй байна. Он гараад ХӨСҮТ 2,2 тэрбум төгрөгийн өрөө төлсөн. Иймд цаашид эмээ татаад явах боломжтой болсон. 

Эмчилгээний тактик дельтатай ижил. Амьсгалын цочмог халтай хам шинжийн эсрэг эмчилгээ хийнэ. Дархлаагаа дэмжих хэрэгтэй. Хөнгөн хэлбэрийн үед вирусийн эсрэг эмчилгээний заалт байхгүй тул халуун бууруулах болон бусад шинж тэмдэгээ дарах эмчилгээ хэрэгтэй. 

-Омикрон хувилбарын шинж тэмдгийг хэд хоногт илрүүлж байгаа вэ?

-2021 оны 12-р сараас эхлээд ХӨСҮТ 14-16 хоногт илрүүлж байна.

12-р сарын 8-нд 171 сорьцод хувилбар тодорхойлоход 100 хувь дельта гарсан. 12-р сарын 26-нд 224 дельта, 4 сэжигтэй тохиолдол, он гараад 68 сорьцод шинжилгээ хийхэд 27 сорьцод буюу 40 хувьтай омикрон бүртгэгдсэн. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Zochin
2 жилийн өмнө
80.62.117.6

Omicron curdan taxaj. Delta gaa darj bgaa ni u dur ersdlees xurdan gargaj bna gej Usa Eu yriaad bna, gol ni vaccine xangalttai xiichv ailtgui geed bna shuu!!! Dani aas

Зочид
2 жилийн өмнө
66.181.161.103

Бид хөл хөдөлгөөнөө багасгаад.халдвар хамгаалалаа сайн сахиад өөрөө өөрсдийгөө бодсон нь дээр шүү.манайхаан

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.