Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэмэгдэл болох 100 мянган төгрөгийг зогсоожээ

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн форумаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэмэгдэл халамжийг багасгаж байгааг эсэргүүцэж хэвлэлийн хурал зарлалаа. Тус хэвлэлийн хуралд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооны төлөөлөлүүд оролцсон юм.  

“Ээлтэй ертөнц” ТББ-ын тэргүүн Т.Туяажаргал:

-Инфляц нэмэгдэж, үнийн өсөлт ихэссэн энэ үед хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ төр хайхрамжгүй хандаж байна.  Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд сард халамж гэж 188 мянган төгрөг олгодог байснаа өнгөрсөн онд 100 мянган төгрөгөөр нэмэхээр шийдвэрлэсэн. Харин 2022 оны нэгдүгээр сарын нэгнээс энэ мөнгийг олохоо зогсоох шийдвэрийг гаргасныг эсэргүүцэж байна. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420 мянган төгрөг байхад халамж анхаарал хамгийн шаардлагатай байнгын эмчилгээ, эм тариа хэрэглэдэг иргэдийнхээ халамжийг хассаныг эсэргүүцэж төрийн гурван өндөрлөг болон салбар яаманд шаардлага хүргүүлж байгаагаа мэдэгдэж байна.Бид хэцүү байна гэж байнга хэлдэггүй. Одоо бол үнэхээр хэцүү байна. Монголын хилээр албан ёсоор нэвтрүүлдэггүй эмүүдийг бид хууль бусаар оруулж ирж хэрэглэдэг.

Сонсголгүй иргэдийн үндэсний холбооны ерөнхийлөгч А.Энхбаатар: 

-288 мянган төгрөг бидний хэрэгцээний хаана ч хүрдэггүй. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ажил олдоход хомс байхад яагаад нэмэлт мөнгийг нь зогсоож байгаа юм бэ?

“Эрхэм нандин сувд” ТББ-ын тэргүүн  Г.Энхчимэг: 

-Үндсэн хууль дахь суурь хэрэгцээг хангах эрхээ эдлэхэд төрөөс өгч байгаа энэ мөнгөн тэтгэмж хаанаа ч хүрдэггүй гэдгийг хэн хэн нь ойлгох шаардлагатай. Амин зуулгад ч хүрэхгүй мөнгийг нэмэгдүүлэх талаар яагаад төрийн байгууллагууд судлахгүй байгаа юм бэ? Өдөрт 15 мянган төгрөгийн эм уудаг хүүхэд сард 450 мянган төгрөгийг зөвхөн эм тариандаа зарцуулдаг. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй гэр бүлийн нэг хүн нь заавал хүүхдээ асарч үлддэг. Энэ нь гэр бүлд хичнээн хүнд тусдагийг яагаад төр засгийн тэргүүд ойлгохгүй байгааг гайхаж байна. Бидний энэхүү шаардлагыг төрийн гурван өндөрлөг хүлээн авч, нааштай хариу өгөөгүй тохиолдолд бид олон улсын байгууллагад хандаж шат шатны арга хэмжээ авна гэдгээ илэрхийлмээр байна

Түгээмэл хөгжил төвийг төлөөлж ирсэн н.Тэмүүлэн: 

Би эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг. Тархины хүнд саажилттай. Цахилгааны төлбөр, хүүхдийн мөнгийг сунгаж байгаа ч бидний амьжиргаанд хүрдэггүй 288 мянган төгрөгийг улам бууруулж байна. Над шиг гэр бүлдээ дэмжлэг байхгүй залуусын халамжийн мөнгийг ядаж хасахгүй байгаасай гэлээ

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.