Францад халдварын өдөр тутмын тохиолдлын тоо 100 мянга давжээ

Францад "Омикрон" шинэ хувилбар хурдацтай тархаж байгаагийн улмаас коронавирусийн хязгаарлалтуудыг чангатгажээ. Тус улсад өнгөрөгч бямба гарагт халдварын 100 мянга гаруй шинэ тохиолдол бүртгэгдсэн нь цар тахал дэгдсэнээс хойших хамгийн өндөр үзүүлэлт юм.

Шинэ журмын хүрээнд, дотор хийх цуглааныг 2,000 хүнээр хязгаарласан бол гаднах олон нийтийн цугларалтад дээд тал нь 5,000 хүнийг зөвшөөрөхөөр болжээ.

Үүний дээрээс, Францын Засгийн газраас вакцины нэмэлт тунг тарих хоорондын хугацааг дөрвөн сараас гурван сар болгож бууруулсан аж. 

Гэхдээ Ерөнхий сайд Жан Кастекс шинэ жилийн өмнө бүрэн эсвэл хэсэгчилсэн хөл хорио тогтоохгүй гэж мэдэгдсэн юм. Мөн сургуулиуд төлөвлөсний дагуу 1 дүгээр сарын 3-нд эргэн нээгдэнэ гэжээ.

Герман, Грек зэрэг Европын бусад орны Засгийн газрууд ч мөн шинэ хувилбарын халдварын давлагааг зогсоохын тулд нэмэлт хязгаарлалтуудыг зарлаж байгаа билээ.

Эх сурвалж: BBC

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.