Бригадын генерал Т.Лодойдамба, хошууч генерал Л.Гансэлэм нарын цолыг хурааж магадгүй
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч У.Хүрэлсүх зарлиг гаргаж хоёр хүнд цэргийн дээд цол хүртээхээр болж, тэд хувцсаа цэргийн оёдлын “Бөртэ” үйлдвэрт захиалжээ.
Тодруулбал, нийслэлийн Цэргийн штабын даргаар олон жил ажилласан, өдгөө Батлан хамгаалахын ерөнхий хянан шалгагчаар дэвшин томилогдсон хурандаа Жавзмаагийн Болдбаатар алтан мөрдэстний эгнээнд багтах нь. ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч даргаар өнгөрсөн есдүгээр сард томилогдсон хурандаа С.Ганбямба мөн алтан мөрдэс зүүхээр болсон гэнэ.
Тэгвэл Батлан хамгаалахын сайдын болон БХЯ дахь Төрийн албаны салбар зөвлөлийн хурлаар Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн захирагч, бригадын генерал Т.Лодойдамбад Цэргийн цол олгох хүчингүй болсон журмыг ашиглан дээд цол олгосон болон сахилгын зөрчлийн асуудлыг хэлэлцэхээр товлосон гэх мэдээлэл бидэнд ирлээ. Тэрбээр өнгөрсөн зургадугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар цэргийн дээд цол хүртсэн нэгэн. Түүнийг бригадын генерал цол хүртэх зэрэглэлгүй албан тушаал хашиж байж танил тал, Өвөрхангайгаас гаралтай улстөрч, төрийн өндөр албан тушаалтнуудын дэмжлэгээр уг цолыг авсан хэмээн БХЯ, ЗХЖШ-ынхан ярилцдаг юм билээ.
Бригадын генерал Т.Лодойдамба өнгөрсөн намар Төв аймгийн нутаг дэвсгэрт зохион байгуулсан Монгол, Оросын Зэвсэгт хүчний хамтарсан “Сэлэнгэ-2021” цэргийн хээрийн сургуулилалтын хаалтын үед удирдах албан тушаалтан буюу Хуурай замын цэргийн командлалын нэгэн генералтай маргалдаж, зодолдсон гэх асуудалд холбогдсон юм. Батлан хамгаалахын сайдын болон БХЯ дахь Төрийн албаны салбар зөвлөлийн хурлаар түүний цэргийн дээд цолыг эргэн хянахаар болсонтой холбоотойгоор зөвлөлийн гишүүд рүү хүмүүс ярьж хариуцлага тооцохгүй байхыг хүсэж буй сурагтай.
Мөн дээрх зөвлөлүүдийн хурлын үеэр Зэвсэгт хүчний Тусгай хүчний командлалын штабын даргаар ажиллаж буй, Ерөнхийлөгч Х.Баттулгын зургадугаар сарын зарлигаар хошууч генерал болсон Л.Гансэлэмийн цолны асуудлыг ч хянан хэлэлцэх гэнэ. Түүнийг мөн л албан тушаалын зэрэглэлгүй байж хошууч генерал болсон гэж БХЯ, ЗХЖШ-ын офицерууд ярилцдаг юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч өнгөрсөн наймдугаар сард захирамж гарган Цэргийн цол олгох журмыг шинэчлэн боловсруулах ажлын хэсэг байгуулсан. Тус ажлын хэсгийнхэн ч албан тушаалын зэрэглэлгүй хүмүүст цэргийн дээд цол олгосон нь холбогдох журам зөрчсөн гэж үзсэн сурагтай.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.