СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

150 саяын хахууль авсан гэх БОАЖЯ-ны албан тушаалтнуудыг шүүж чадахгүй байна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
2 жилийн өмнө

БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын даргаар ажиллаж байсан Д.Даваасамба, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд асан Н.Батцэрэгийн орон тооны зөвлөх А.Цолмон, тус яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газарт ургамлын нөөц, ашиглалт хамгаалалтын бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн асан С.Баярхүү, БОАЖЯ-ны Байгаль орчны үнэлгээ, аудитын хэлтсийн даргаар ажиллаж байсан П.Бүнчинжав, “Оюуцагаан барс” ХХК-ийн удирдах албан тушаалтан Ц.Анхбаяр тэргүүтэй 10 хүнд холбогдох хэргийг шүүх хэлэлцэж чадахгүй байна.

2020 оны хоёрдугаар сарын дундуур НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлснээс хойш өдий хүртэл хэлэлцэхгүй, үл ялих, ач холбогдолгүй шахам шалтгаанаар хойшлуулсаар байгаа нь хэргийн холбогдогч нарт ял завшуулах гэж байгаа юм биш биз гэсэн хардлага төрүүлэх болов. Хамгийн сүүлд гэхэд өчигдөр товлоод байсан боловч 2022 оны нэгдүгээр сарын 25 хүртэл хойшлуулжээ. Ингэхдээ хуралд орчуулагч оролцуулах шаардлагатай гэж үзсэн байна. Харин хэргийн бусад оролцогч нар энэ хэрэгт орчуулагч ямар ч шаардлагагүй, яллагдагчаар татагдсан, өдгөө шүүгдэгч болчихоод буй арван хүн бүгд Монгол Улсын иргэн. Тэдэнд орчуулагч, хэлмэрч шаардлагагүй хэмээж байна. Уг нь хэрэгт шалгуулж байсан БНХАУ-ын иргэнийг яллагдагчаар татаагүй, энэ хуралд оролцох, эсэх нь тодорхойгүй. Тэгэхээр шүүх ялимгүй шалтгаар хурлыг хойшлуулсаар хөөн хэлэлцэх хугацааг нь дуусгах гэж оролдож байгаа юм биш биз гэсэн хардлага төрүүлэх боллоо.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг энэ хэргийг хүлээн авснаасаа хойш хэлэлцэлгүй, хэргийн оролцогч нарын хүсэлт, цар тахлын улмаас тогтоосон хорио цээрийн дэглэм зэргээс шалтгаалж нийт 14 удаа хойшлуулаад байна. Дээрх 10 хүнд холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа яг жилийн дараа буюу 2022 оны арванхоёрдугаар сард дуусахаар байгаа юм.

БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга асан Д.Даваасамба тэргүүтэй албан тушаалтнуудыг “Оюуцагаан барс”, “Цагаан биндэръяа” ХХК-ийн их хэмжээний самрыг экспортлох зөвшөөрөл олгохын тулд 150 сая хүртэлх төгрөгийн хахууль авсан үндэслэлээр гэм буруутай, эсэхийг нь тогтоохоор болоод байгаа. Шүүх 2017 онд уг хэргийг тухайн оны долдугаар сарын 1-нээс хэрэгжүүлсэн Эрүүгийн хуульд нийцүүлэх дүгнэлт бичиж буцаасан. Улмаар нэмэлт ажиллагааг дуусган шилжүүлснээс хойш ийнхүү шийдэж чадахгүй байна.  

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.