Б.Жавхлан: Нийтлэг үйлчилгээнд ажиллаж байгаа төрийн албан хаагчдын хүсэлтэд тулгуурлан ажил явагдана
Монгол улсын Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлж байна.
Сангийн сайд Б.Жавхлан:
-Удахгүй 2022 онд төсвийн жил эхэлнэ. Үүнтэй холбогдуулан авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаар тогтоолын төсөл батлагдсан. Энэ нь төсвийн үйл ажиллагааг чанаржуулах урьдчилсан чиглэл өгч байгаа тогтоол юм. Тогтоол найман хэсгээс бүрдэж байгаа.
Орлогын чиглэлээр уул уурхайн компаниудын экспортыг нэмэгдүүлэх, төрийн өмчит компаниудын ашигт ажиллагаа, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, гадаад худалдааг хөнгөвчлөх зэрэг багтана. Төсвийн зардлын тухайд төсвийн хэмнэлтийн горимыг үргэлжлүүлэх, төсвийн байгууллагын нийтлэг үйлчилгээг гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх талаар хэрхэн, ямар схемээр явах талаар нарийвчлан чиглэл өглөө. Мөн, төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх, гадаадын зээл тусламжийн хувьд дамжуулан зээлдүүлэгч нарын санхүүжүүлсэн төслийн өрийг барагдуулах, эдийн засгийн чанарыг сайжруулах чиглэлүүд өгсөн тогтоол гарлаа. Эдгээр агуулгууд дотроос олон нийтийн дунд төөрөгдөл дагуулж, асуулт үүсгээд байгаа нэг асуудал бий. Орон нутаг болон нийслэлд байгаа төрийн үйлчилгээний ажилтнуудыг цомхотгох, ажлын байрыг нь өөрчлөх, хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх гэж байна гэсэн үл ойлголцол үүсээд байгаа.
Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль 2020 оны арванхоёрдугаар сарын 24-нд батлагдсан байна. Энэ хуулийн 20.1.18-д “Боловсрол, эрүүл мэнд, нийгэм, соёлын байгууллагын барилга байгууламж, хөдлөх хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээ орон нутгийн чиг үүрэгт шилжинэ” гэж заасан.
Барилга байгууламжтай холбоотой нийтлэг үйлчилгээний чиг үүрэг нь тухайн байгууламжийн чиг үүрэгт биш орон нутгийн засаг захиргааны чиг үүрэг рүү шилжсэн. Өөрөөр хэлбэл, энэ функц нь тухайн аймаг, сумын Засаг даргын Тамгын газрын мэдлийн асуудал болж байгаа юм. Энэ нэгжийн хуулийг дагалдуулж, 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжинэ. Тиймээс энэ хуультай уялдуулж төсөвт өөрчлөлт орж байгаа. Нийтлэг үйлчилгээнд ажиллаж байгаа төрийн албан хаагчдын хүсэлтэд тулгуурлан ажил явагдана гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.