"Омикрон" хувилбарын халдварын гол шинж тэмдгүүд

Коронавирусийн "Омикрон" шинэ хувилбараар өвчилсөн хүмүүст бие сулрах, халуурах, толгой өвдөх, ханиалгах, хоолны дуршил буурах зэрэг гол шинж тэмдэг илэрч байгааг ОХУ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, хүний ​​сайн сайхны төлөөх хяналтын холбооны Эмнэлзүйн асуудал эрхэлсэн дэд захирал, анагаах ухааны доктор Татьяна Руженцова хэлжээ.

Тэрээр "Одоог хүртэлх өвчний явцын дүн шинжилгээнээс харахад ихэнх өвчтөнд бие сулрах, ядрах, 38 ба түүнээс хэм хүрч халуурах, толгой өвдөх, хоолны дуршил буурах, ханиалгах зэрэг шинж тэмдэг илэрч байна. Мөн ердийн коронавирусийн халдварын адил уушги болон бусад эрхтэнд гэмтэл дагалдаж болно" хэмээн тэмдэглэсэн байна.

Түүнчлэн, одоогийн байдлаар "Омикрон" хувилбарын шинж тэмдгүүдийн талаар мэдээлэл хангалтгүй байгаа ч удахгүй шинэ мэдээлэл гарах төлөвтэй байгааг Руженцова онцолжээ.

Харин Их Британийн эмч Дэвид Ллойд тус шинэ хувилбараар өвчилсөн хүүхдүүдэд ер бусын шинж тэмдэг илэрч байгааг энэ сарын эхээр мэдээлсэн юм.

Эх сурвалж: Известия

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.