А.Цолмон: Улирлын амралтаар сурагчдыг амраах, номтой нөхөрлүүлэх чиглэл өгч байгаа

Ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр улирлын амралт арванхоёрдугаар сарын 18-наас эхэлнэ. 

БШУЯ-ны Ерөнхий боловсролын хэлтсийн дарга А.Цолмон:

-Тухайн хичээлийн жил эхлэхээс өмнө БШУЯ-наас бүтцээ баталдаг. 2021-2022 оны хичээлийн жилийн эхний улиралд сурагчид 16 долоо хоног хичээллээд, зургаан долоо хоног амрахаар зохицуулагдсан. Тодруулбал, арванхоёрдугаар сарын 17-ны Баасан гарагт хичээллээд, арванхоёрдугаар сарын 20-ны Даваа гаргаас нэгдүгээр улирлын амралт эхэлж байгаа.

Сурагчид 16 долоо хоног тасралтгүй хичээллээд амрана. Нэгдүгээр сарын 31-нээс хоёрдугаар улирлын хичээл эхлэхээр байгаа ч Цагаан сар таарч байгаа учраас баярын амралт дуусгаад, хоёрдугаар сарын 7-ноос хичээл эхлэх төлөвтэй байна.

БШУЯ-наас аймаг, нийслэлийн Боловсролын газруудад амралтын хугацаанд сурагчдыг бүрэн амрааж, ном уншуулах чиглэл өгч байгаа. Ялангуяа бага ангид улирлын амралтаар маш олон хуудас хуулан бичлэг, цээж бичиг хийх даалгавар өгчихдөг. Үүний улмаас хүүхдүүд ч амарч чадалгүй, хичээл эхлэхэд сурах сонирхолгүй орж ирэх нь бий. Тиймээс сурагчдаа амраах, цахимаас холдуулж, номтой нөхөрлүүлье гэх чиглэлийг өгч байгаа гэв.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.