ШӨХТГ-аас иргэдэд зориулан койн, токен худалдан авах талаар анхааруулга, зөвлөмж гаргатал тус газрын дарга Б.Бат-Эрдэнийн амь насанд заналхийлсэн дуудлага ирсэн байна. Бид уг асуудлаар ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.
Тэрбээр “ШӨХТГ нь койнтой холбоотой гомдлыг шийдвэрлэх эрх зүйн боломж байхгүй. Тийм учраас ирж байгаа гомдлыг Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс руу шилжүүлдэг.
ШӨХТГ-ын хяналтын чиг үүрэг дээр 9 хуульд хяналт тавьж ажилладаг. Гэхдээ уг асуудлыг Эрүүгийн хуульд тусгасан байдаг. Койн авах нь мэдээж хувь хүмүүсийн сонирхлын асуудал. Үүнийг далимдуулж, ашиг олох гэсэн богино хугацаанд мөнгөө эргэлдүүлж, баяжаад авах гэсэн үйлдэл байгаа гэдгийг бүгд хэлж байгаа. Эрүүгийн хуулийн 18 дугаар зүйл дээр мөнгө угаах, терроризмтой тэмцэх, мөнгө угаах зэрэг зүйлт заалт байдаг.
Иргэд маань нэг зүйлийг маш сайн анхаарах хэрэгтэй. Төрийн байгууллагууд өнөөдрийг хүртэл анхааруулга өглөө. Эсэргүүцэж дайраад байгаа хүмүүс бид нар мэдэж байна гэж байгаа. Та нар мэдэж байгаа нь асуудалгүй.
Гэхдээ нийт хэрэглэгчид маань байр, машин, хөрөнгөө зарж, зээл авч койн битгий аваач. Ямар койн авах гэж байгаагаа сайн бодох хэрэгтэй. Уг койн юунд зарцуулагдах гэж байгааг судлах. Хаашаа мөнгө нь чинь орж байгааг хянаж шалгах. Манай улсад гарч байгаа койнуудын хувьд хувь хүмүүсийн гаргаж байгаа болон байр, хувьцаа зэрэгт тулгуурлан гарч байна. Олон улсын жишгээр бол койн бол хэсэг хүмүүсийн ашиг алдаг хэрэгсэл гэдгийг баталсан байдаг.
Ямар нэгэн байдлаар хохирлоо гээд манайд гомдол гаргахад бид ямар ч арга хэмжээ авч чадахгүй.
-Таныг заналхийлсэн гэсэн. Уг асуудлыг шалгуулах уу?
-Анхааруулга мэдээлэл гаргахаар ална тална гэж дайрч байна ш дээ. Ийм нөхцөлд яаж ажил хийх юм бэ. Ихээхэн хэмжээний хохирол дагуулчихаад төр юу ч хийгээгүй, зохицуулах ёстой үүргээ гүйцэтгээгүй гэж яваад байж болохгүй. Хохирох юм бол өөрсдөө хохирно шүү гэж шууд хэлмээр байна. Утсаар койноос хол байгаарай ална нь шүү гэж хэлсэн. Шалгалтын ажиллагаа явагдаж байгаа.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.