? LIVE: С.Эрдэнэмаам: Орос хэл түүхийн тавцангаас арчигдах эрсдэл үүсээд байна
УИХ-ын хаврын чуулганаар батлах Боловсролын хуулийн төсөл орос хэлийг заавал судлах хичээлээс хасах заалт агуулжээ. Энэ асуудлаар МУБИС-ийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн профессор, Монголын Орос хэл, уран зохиолын багш нарын холбооны ЕНБД С.Эрдэнэмаамтай ярилцлаа.
МУБИС-ийн профессор, Монголын Орос хэл, уран зохиолын багш нарын холбооны ЕНБД С.Эрдэнэмаам:
-Монгол улсын ЕБС-д заах үндсэн гадаад хэл нь англи хэл байна гэж хуульчилбал орос хэл заагдахаа болино гэсэн үг. Энэ нь 50 гаруй мянган сурагч болоод 600 орчим багшийн эрх ашиг хөндөгдсөн асуудал. Манай улсад Орос хэлийг 100 гаруй жил бүх шатны сургуульд заавал судлах хичээл болгон зааж байсан. 30-аад жилийн өмнө орос хэлээр нийт хүн амыг 42 хувь нь ярьдаг, 47 хувь нь бичдэг, 74 хувь нь ямар нэг байдлаар ашигладаг байсан.
Ийм өндөр түвшинд судлагдсан орос хэл ингээд түүхийн тавцангаас арчигдах эрсдэл үүсэж байна. Бүр том зургаар харвал Орос, Монгол хоёр улсын харилцаанд сэв суух ч магадлалтай. Өмнө нь орос хэлийг 5-10-р ангид, их сургуульд гурван жил, коллежид заавал үздэг байсан. Өнөөдөр их сургуульд огт орохоо больсон, ЕБС-д 7-9-р ангид долоо хоногт хоёрхон цаг судалж байна. Тэгээд ЭЕШ өгч байгаа. Сургалтын төлөвлөгөөнд заавал үзэх хичээлд англи, орос хэлийг сонгож үзэхээр зааж өгсөн байгаа.
Цаг үеэ дагаад төгсөх ангийнхан ихэвчлэн англи хэлийг сонгож байна. Орос хэлний багш бэлтгэдэг сургууль зөвхөн МУБИС-д 200-300 хүүхэд орос хэлний багшаар суралцаж байна.
Боловсролын хуулийн төсөл орос хэлийг заавал судлах хичээлээс хасах заалт агуулсан тохиолдолд эдгээр оюутнуудын эрх ашиг ч мөн яригдана. Манай улсын хүн амын нэлээдгүй хэсэг нь орос хэлээр дамжин боловсрол эзэмшсэн гэх судалгаа байдаг. УИХ-ын гишүүдийн дийлэнх нь нэгдүгээр хэл орос хэл, дараагийнх нь англи хэл байдаг. Ер нь хууль тогтоох үйл ажиллагаандаа орос хэлийг ашигладаг мөртлөө хойч ирээдүйдээ яагаад орос хэл заах ёсгүй гэдэг хуулийн заалт оруулж байгааг ойлгохгүй байна.
Монголын орос хэл, уран зохиолын багш нарын холбооноос тус хэлний асуудалд анхаарлаа хандуулахыг МУ-ын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс хүссэн мэдэгдэл хүргүүлсэн. Манай холбоо орос хэлийг заавал үзэх хичээлээрээ үлдээхийг хүсэж байгаа гэдгээ илэрхийлсээр байна гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.