13 настай Монгол охиныг Солонгос сурагчид зодсон талаарх мэдээлэл ГХЯ-нд ирээгүй байна
БНСУ-д дунд сургуульд сурдаг байсан 13 настай монгол охиныг дээд ангийн дөрвөн эмэгтэй сурагч нийлж зургаан цагийн турш зодож, хүчээр архи уулган, өрөөнд хорьсон ноцтой хэрэг гарчээ. Энэ талаар тус улсын MBC телевиз мэдээллээ.
13 настай монгол сурагчийг зургаан цагийн турш өрөөнд хорьж, зодсон ахлах ангийн дөрвөн эмэгтэй сурагч, хохирогч охинд албадан архи уулгаж, видео бичлэг хүртэл хийсэн байна. Бичлэгийг 5 мянган воноор зарсан талаарх мэдээлэл байна. Хохирогч охины эцэг, эх Өмнөд Солонгост амьдраад арван жил болж байгаа аж.
Бичлэг олон нийтэд тархсаны дараа цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлсэн хэдий ч хоёр сурагч эрүүгийн хариуцлага хүлээх боломжгүй гэж шийджээ. Энэ талаар хохирогч охин "Гэмт этгээдүүд сургуульдаа явж байгаа. Гэтэл би энгийн амьдралдаа эргэн орж чадахгүй байна. Заримдаа би өөрөөсөө энэ миний буруу юм болов уу гэж асуудаг" хэмээн хэлжээ.
Бид энэ талаар ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгчөөс тодруулахад "Энэ талаар ямар нэгэн мэдээлэл ирээгүй. Гэхдээ ГХЯ энэ талаар Өмнөд Солонгос дахь Элчин сайдын яам болон холбогдох байгууллагуудаас тодруулга авч ажиллаж байна. Удахгүй мэдээлэл өгнө" гэлээ.
Гадаад харилцааны яамнаас уг хэргийн талаар өгсөн мэдээллийг энд дарж уншина уу.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.