ЭМЯ: Аспирин-81, 100 цус шингэлэх үйлчилгээгүй
Манай улсад Ковид-19 халдварт өвчнөөр өвчилсөн хүмүүсийн ихэнх нь хөнгөн хэлбэрээр өвдөж байгаа бол 10-15 хувь нь хүндэрч, 5 хувь нь нэн хүнд хэлбэрээр өвдөх магадлалтай гэсэн олон улсын судалгаа гарсан гэж ЭМЯ мэдээлэв.
Өнөөдрийн ЭМЯ-ны мэдээлэл дээр иргэдээс ирж буй түгээмэл асуултуудад хариуллаа.
УГТЭ-ийн Захирал Ц.Төмөр-Очир: Манай улсын эрүүл мэндийн салбар өнгөрсөн хугацаанд халдварт өвчинтэй тэмцэх, халдвар авсан иргэдээ эмчлэхэд анхаарлаа хандуулж байсан бол одоо нөхцөл байдал өөрчлөгдөж Ковидын дараах буюу урт хугацааны эрүүл мэндийн тулгамдсан асуудлыг эмчлэхэд анхаарч эхэлсэн.
Халдвар авч эдгэрсэн хүмүүсийн дийлэнх нь амьсгалын эрхтэн тогтолцоо хүндээр гэмтэх, зүрх судас, уушгинд нь гэм сууж буй. Ковидын халдвар 2-6 долоо хоногийн дараа эдгэрч байгаа ч урт хугацааны хам шинж хэвээр үлдэж байна. Сэтгэл түгших, мэдрэл судлалын хам шинж, нойргүйтэх, зүрх дэлсэх, амьсгаадах, цээжээр өвдөх зэрэг шинж тэмдэг 2-6 сар үргэлжилж байна.
УГТЭ-ийн Зүрхний хэм судлалын төвийн эрхлэгч Х.Мөнгөн-Өлзий: Зүрх судасны өвчин дэлхийд тулгамдсан асуудлын нэг байсан. Манай улсын нас баралтын тэргүүлэх шалтгаануудыг нэг байсаар ирсэн. Ковид халдварын үед зүрх судасны гэмтэл шууд болон шууд бусаар нөлөөлж байна. Нийт өвчлөгсдийн 50 орчим хувьд зүрхний хэм алдагдах зовиур илэрч, 10 гаруй хувьд зүрхний ямар нэг өөрчлөлт ажиглагджээ. Зүрхний суурь өвчтэй хүмүүст илүү хүнд хэлбэр ажиглагдаж буй.
-Зүрхний пульс өсөхгүй байна. Яах вэ?
-Хэм алдагдах зовиур түгээмэл гарч байна. Зүрхний цохилтын тоо цөөрч байгаа шалтгааны цаана олон төрлийн хэм алдагдал оршиж байдаг. 24 цагийн гэх мэт зүрхний цахилгаан бичлэг хийлгэж уг шалтгааныг олох хэрэгтэй. Ковидоор өвчилсөн маш олон хүнд хэм алдагдах, цохилтын тоо цөөрөх шинж ажиглагдаж байгаа ч хэсэг хугацааны дараа алга болж байна. Амь насанд аюулгүй хэлбэртэй байна. Ерөнхий суурь амьдралын дэглэмийг сайжруулах зөвлөмж өгч байна.
-Зургаадугаар сард Ковидоор өвдсөн. Хуурай ханиалга ихтэй. Гуурсан хоолой зузаарсан оноштой. Ханиалгаа яаж намдаах вэ. Маш их хөлөрч ядардаг?
-Уушгины завсрын эд гэмтдэг шинж тэмдэг Ковидын үед маш их байна. Цээжний зураг авахуулсан, компьютерт харуулахад асуудалгүй гэж байгаа бол уушгины мэргэжлийн эмчээс зөвлөгөө аваарай. Гуурсан хоолойн мэдрэг чанарыг багасгах, хуурай ханиалгыг дарах эмчилгээг зөвлөнө. Урт хугацаанд ханиалгаж байгаа бол ханиалгын шинж чанараа оношлуулах хэрэгтэй. Түүний дараа ямар эмчилгээ шаардлагатайг хэлнэ.
-Цус өтгөрөлтөө яаж эмчлэх вэ? Цус шингэлэх эм бусад эрхтэнд ямар нөлөө үзүүлдэг вэ?
-Нэгдүгээрт цус өтгөрөлт гэж юу вэ? Цусан дотор агуулагдаж байгаа нэгж эзэлхүүний дүрст элементүүдийн хувиар илэрхийлэгдэж буй нэг төрлийн үзүүлэлтийг хэлнэ. Ковидын дараах хам шинжийн дийлэнхид нь улаан эс өндөр тоотой гарсан байгаа. Мөн цусны бүлэгнэлтийн эмгэнэл гэж бий. Энд тэнд нь бүлэн үүсээд тасарч, бусад эрхтэний цусны урсгалыг хаах тохиолдол гэж бий. Энэ 2 өөр өөр ойлголт шүү. Нэг нь урсаж буй цус өтгөн байна, нөгөөх нь бүлэн үүсч тасрах хүндрэл үүсгэдэг.
Ихэнх хүмүүс цус шингэлэх эм хэрэглэж байна гэдэг. Аспирин 81, 100 бол цусыг шингэлэх тухай ойлголт байхгүй. Зөвхөн бүлэн үүсгэхээс сэргийлэх буюу дүрст элементүүд хоорондоо наалдахаас сэргийлдэг үйлчилгээтэй. Өтгөн урсаж байгаа цусыг шингэлэхгүй шүү.
Ковидын үед бүлэнт хүндрэл буюу дүрст элементүүдийг хооронд нь наалдахаас сэргийлдэг эм /аспирин/, бүлэгнэлтийн эсрэг эмийг дунджаар 1-3 сар хэрэглэхийг зөвлөж байгаа тохиолдол байна.
Бусад тохиолдолд цусыг шингэлэхдээ дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй. Агаарт хийх дасгал маш өндөр үр дүнтэй нь батлагдсан. Хүний булчин хөдөлж байх ёстой. Харин дотроо шингэн агуулсан венийн судас хөдөлгөөнгүй эрхтэн. Урсаж буй цусыг сайжруулахын тулд булчингаа хөдөлгөснөөр судсаа базаад цус биеэр урсдаг.
Цус биеэр урсаад уушгинд очих үед агаар буюу хүчилтөрөгч их хэмжээтэй байх ёстой. Хүчилтөрөгчөөр баяжсан цус хүний биеэр гүйж эхэлсэн тохиолдолд хүний бие дасан зохицлынхоо дагуу илүү агаар нэмэлт шаардахгүйгээр дүрст элементүүдийг цусан дотроос зайлуулдаг. Ингээд цус шингэрэх үйлчилгээ эхэлдэг. Иймд иргэн та бүхэн өглөө оройдоо 20-30 минут агаарт гарч алхах буюу агаарт гарч байгаарай.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.