"Өвлийн идэш" арга хэмжээнд борлуулагдаж буй мах зах зээлийн үнээс 1000-1500 төгрөгөөр үнэтэй байв
Өнөөдрөөс эхлэн ирэх сарын 2-ныг хүртэл Төв цэнгэлдэх хүрээлэнд “Өвлийн идэш” арга хэмжээ зохион байгуулагдана. Мах, цагаан идээ гурил, будаа болон жимс, даршилсан ногоо зэргийг борлуулж байгаа юм.
Арга хэмжээг зохион байгуулж байгаа газраас худалдаалж байгаа бүтээгдэхүүнийг бөөний үнээр худалдаалж, гарал үүслийн бичигтэй байлгана гэж мэдэгдсэн ч бодит байдал дээр зах зээлийн үнээс 1000-1500 төгрөгийн үнэтэй байгааг иргэд шүүмжилж байна. Үзэсгэлэнгийн эхний өдөр зохион байгуулалт тааруу, зарим аймгийн асрууд хоосон байсан нь иргэдийн хүлээлтийг багасгаж, зарим иргэдийг сэтгэл дундуур буцахад хүргэв. Бид үзэсгэлэнд оролцож байгаа худалдаа эрхлэгч нараас үнэ ханш, иргэдийн худалдан авалт, шинжилгээний бичиг зэргийг тодрууллаа.
“Ургац” гурилын худалдаачин: Үйлдвэрийн үнээр зарж байна. Гоймон 5500 төгрөг, 300 граммтай нь гоймон 600 төгрөг байна. Долоо хоногийн хугацаанд бүтээгдэхүүнээ борлуулна. Иргэдийн худалдан авалт сайн байна. Авчирсан тал гурилаа зарчихсан, машинаа үйлдвэр лүүгээ явуулчихсан байна.
Өвөрхангай аймгийн Бүрд сумын малчин У.Гансүх: Өвөрхангай аймгийн Бүрд сумаас үхрийн мах, аарц, айрагтай ирсэн. 5 литр ямааны аарц 20 мянга, литр нь 4000 гэсэн үг. Айраг литр нь 6000 төгрөгийн үнэтэй байна. Зах зээлд зарж байгаа үнээс хямд л байлгүй дээ. Ямааны аарц цаагуур чинь 6000 төгрөгөөр зарж байна билээ. Бид яг өөрсдийнхөө гараар хийж бүтээсэн зүйлээ л оруулж ирж байна. Бид нар бас мал маллаж байгаагийнхаа эрхэнд мал, мах, цагаан идээгээ үнэлүүлмээр байна. Мал чинь зүгээр бэлчээрт яваад, зүгээр өсчихдөг юм биш, энийг чинь зүгээр байж байгаад авчихдаг юм биш болохоор хэчнээн жилийн үр хөдөлмөрөө шингээж, цаг хугацаагаа зарцуулж байж энэ бүгдийг бэлтгэж байгаа учраас энийгээ үнэлүүлмээр байна. Тэгэхгүй болохоор хотынхон чинь зүгээр байж байгаад ирдэг юм шиг бодоод л. Зарим нь барьж авч зодох нь, хэдэн хөгшин хүмүүс нь загнах юм. “Та нараас дор байв гэж үү, бид нар яаж авдагийг нь мэднэ” гээд загнаж байна. Бас тийм баймааргүй байна. Би сая гадаа хэдэн үхрийн махтай ирээд зарчихлаа. Зарим хөгшин хүмүүс нь жоохон соёлтой байгаач ээ гэж хэлмээр байна.
Иргэн: Үнийн хувьд дундаж, боломжийн байна. Үхэр, хонины мах худалдаж авахаар сонирхож явна. “Баянтал”-ын үхрийн мах кг нь 9900 төгрөгийн үнэтэй байна. Гэхдээ мах бол арай л үнэтэй байна. Үхрийн мах шүү дээ. Өрөөлөөрөө 100 гаран кг болж байна билээ. Бусад газарт нь 11000-12000 төгрөгийн үнэтэй байна.
Иргэн: Үзэсгэлэн арга хэмжээний сургаар нэлээн холоос зорьж ирлээ. Олон асрууд хоосон. “Сүржин гэхээр даржин дуусна” гэх үг санаанд орж байна. Мах бол 9200-9600 төгрөг, зарим газар нь 10 мянга гэж байна. Энэ чинь манай Баянзүрх зах дээр нэг иймэрхүү үнээр авч болдог л юм. Ашигтай юм нь бүхлээр нь авдаг юм байна. Малчны хотоос ирж байгаа үнээр биш, хотын л үнээр байна. Иргэдийн бодож байсан хүлээлт талаар болж байна. Малчны хотоос гарна, ченжээр дамжуулахгүй гэсэн итгэл үнэмшилтэй ирсэн ч сэтгэл дундуур буцлаа.
Сэлэнгэ аймгийн Бугант тосгоны иргэн Д.Эрдэнэчимэг: Сэлэнгэ аймгийн Шаамар сумаас зөгийн бал, хатаасан хүрэн манжин, нэрсний чанамал, “Бугант” самар бүтээгдэхүүнээр оролцож байна. Иргэд зах зээлд хэр үнэтэйг байгааг мэдэхгүй байгаа учраас “Ямар үнэтэй юм бэ” гэж хэлж байна. Бугант самрын хувьд 1 кг жинтэй, энэ жил түүсэн, цэвэр самрыг 20 мянган төгрөгөөр борлуулж байна. Уг нь 10 мянган төгрөгийн үнэтэй самар ч сав, баглаа боодлоо бодоод ийм үнээр зарж байна.
Махны худалдаа эрхлэгч: Ангилсан адууны цул мах кг нь 9500 төгрөг. Үйлдвэрийн аргаар боловсруулж, хөрөөдөж, бэлтгэсэн. Иргэд үнэтэй байгааг хэлж байна. Гэхдээ манайх малчдаасаа үнэтэй авч байгаа учир үйлдвэрийнхээ зардлыг нэмэхэд л ийм үнэтэй болж байгаа юм. Малчдаас үхрийн махаа 8500, хонины мах, адууны махаа 7000 төгрөгөөр худалдан авдаг.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.