Цахимд тархсан зургийн араас Завханы Засаг дарга “явжээ”
Завхан аймгийн Төрөх эмэгтэйчүүдийн эмнэлгийн төрөх тасгийн халаалтгүй өрөөнд хөнжлөө нөмрөн нялх хүүхдээ хөхүүлж суугаа ээжүүдийн зураг олон нийтийн сүлжээнд түгээд байгаа.
Энэхүү зургийг харсан хүмүүс эмзэглэж, “Доодос нь ингэж зутарч байхад дээдэс нь 32 тэрбумаар хөшөө, суварга босгож сууна” хэмээн шүүмжилж байгаа юм.
Энэхүү зургийн араас Завхан аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргал өчигдөр “явж”, Төрөх эмэгтэйчүүдийн эмнэлгийн байр байдалтай танилцжээ.

Энэхүү зургийг тус эмнэлгийн удирдлагуудыг олон нийтийн сүлжээнд тавьсан хэмээн хардаж байгаа юм байна. Тус эмнэлгийн төсвийг аймгийн удирдлагууд зориулалтын бусаар зарцуулснаас халаалт доголдож, дөнгөж төрсөн нялх биетэй эхчүүд хөнжил нөмрөн хүүхдээ хөхүүлж байгааг харж эмзэглэхдээ Төрөх эмэгтэйчүүдийн эмнэлгийн удирдлагууд олон нийтэд цацсан болов уу гэж нутгийнхан үзэж байгаа аж.
Үнэхээр ч тус эмнэлгийн халаалт өнгөрсөн долоо хоногоос доголдож, хэвтэн эмчлүүлэгчид, жирэмсэн, дөнгөж төрсөн эхчүүд ихээхэн зутарсан юм байна.
Зургийн араас “явсан” Засаг дарга ажил байдалтай нь танилцаж, холбогдох хүмүүст нь үүрэг даалгавар өгснөөр өчигдрөөс халаалт хэвийн болжээ.

Халаалт хэвийн болсон гэж байгаа боловч, Төрөх эмэгтэйчүүдийн эмнэлэгт хуваарилсан төсөв хөрөнгийг өөр зүйлд зарцуулсан эсэх талаар ямар нэгэн тайлбар, мэдээлэл хийгээгүй байна. Хэрэв энэ зүйл байгаад, үүнийг засахгүй хэвээр үргэлжилбэл, тус эмнэлгийн халаалт дахин доголдож, зутарч байгаа эхчүүдийн дүр зураг дахин олон нийтэд цацагдах вий хэмээн тус аймгаас сонгогдсон АН-ын төлөөлөгчид санаа зовинож байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.