Н.Алтанхуяг: Монголд байгаа хоёрхон намын нэгээр нь тоглож дууслаа
УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг санал хэллээ
Тэрбээр, "Хавар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцэх асуудлын дараалалд оруулаач гэж УИХ-ын даргад хэлсэн ч "За" гэсэн. Оруулахгүй л байна. МУ-ын иргэн дараах 18 эрхтэй гэсэн заалт Үндсэн хуульд бий. Бид хоосон лоозогнодог ч амьдрал дээр эсрэг зүйл хийдэг болжээ. ҮХ-ийн 10-р зүйлд "Нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхолын үүднээс нам олон нийтийн бусад байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй. Аль нэг нам олон нийтийн бусад байгууллагад эвлэлдэн нэгдсэний төлөө гишүүнийг болон тухайн хүнийг ялгаварлан гадуурхах, хэлмэгдүүлэхийг хориглоно" гэж заасан.
Монголд өнөөдөр хоёрхон улс төрийн нам байна. Нэгээр нь тоглож дууслаа. Монголд шударга ёс алга боллоо. Мөнгө төгрөг идсэн уусан хүмүүсийг шударгаар шүүнэ гэсэн хаана байна. Мөнгөтэй хүмүүс монголын улс төрийн намаар тоглох боллоо. Улсын бүртгэлийн байгууллага Ардчилсан намын бүртгэлээр тоглож байна. Ингэж болохгүй. Ц.Элбэгдоржийн үед МАН-аас МАХН-ыг салгаж улсын бүртгэлд бүртгүүлсэн. Төрийн байгууллагыг улс төрийн ажиллагаанд татан оруулснаар энэ бүхэн эхэлсэн. Өнөөдөр МАНАН бүлэглэл энэ аргыг хэрэглэж байна. Сая АН-ын асуудал дээр дээд шүүхийн тамгын газрын дарга, СЕХ, Улсын бүртгэлийг оруулаад самарлаа.
УИХ-ын чуулган дээр ямар байгууллага яаж оролцсоныг яримаар байна. Ардчилсан намаар ингэж тоглож байгаа юм чинь монголд хууль ёс алга боллоо гэдгийг дахин хэлье. Энэ асуудлыг хэлэлцэх асуудлын дараалалд оруулмаар байна. УИХ-ын даргын хаврын захирамжаар Ц.Мөнх-Оргилоор ахлуулсан ажлын хэсэг байгуулагдсан шүү дээ. 3 удаа хуралдсан байна. Төрийн байгууллагын дарга нар Үндсэн хууль зөрчиж, намын дарга нарынхаа заавраар үймээн самуун дэгдээж болох юм уу. Хэд хэдэн сонгуульд өрсөлдөгчгүй ялалт байгууллаа. Ингэж болохгүй.Ц.Элбэгдорж, У.Хүрэлсүх гэх мэт 2-3 хан дарангуйлагчтай боллоо" гэлээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.