Германы галт тэргэнд хутгатай этгээд халдаж, гурван хүнийг шархдуулжээ
ХБНГУ-ын өмнөд хэсэгт аялж явсан хурдны галт тэргэнд хутгатай этгээд халдлага үйлдэж, гурван хүнийг хүнд шархдуулжээ.
Бавари мужийн Регенсбург, Нюрнберг хотуудын хооронд явж байсан тус галт тэргэнд халдлага гарсны дараа албаныхан шуурхай арга хэмжээ авч, хэдэн зуун зорчигчийг нүүлгэн шилжүүлсэн байна. Цагдаа нар гал тэргийг Сеуберсдорфын өртөөнд зогсоон, халдлага үйлдсэн этгээдийг баривчилжээ.
Халдагч нь 27 настай Сириэс гаралтай эрэгтэй байсан бөгөөд түүний халдлага үйлдэх болсон шалтгаан одоогоор тодорхойгүй байна. Орон нутгийн хэвлэлүүдийн мэдээлснээр, баривчлагдсан эрэгтэй нь 2014 онд Германд дүрвэгчийн статусаар нэвтэрсэн бөгөөд "сэтгэл зүйн асуудалтай" байсан аж.
Тус улсад оршин суудаг дүрвэгсэд сүүлийн хэдэн жилд ижил төстэй халдлага ихээр үйлдэх болсноор Герман дахь хуваагдлыг улам хурцатгаад байгаа юм. 2015 оны цагаачдын хямралын үеэр Канцлер Ангела Меркель 900 мянган дүрвэгсдийг хүлээж авсан билээ.

Эх сурвалж: BBC
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.