? LIVE: О.Цогтгэрэл: Монголын муу муухайг ялж үзээгүй Ардчилсан намтай холбодог
Ардчилсан намын "Онц их хурал" зохион байгуулагдаж байгаатай холбоотойгоор АН-ын дарга О.Цогтгэрэлтэй ярилцлаа.
-Ардчилсан намын "Онц их хурал"-аар хүлээгдэж байгаа гол асуудал нь намын хуваагдал, даргын асуудал. Энэ асуудал өнөөдөр шийдэгдэх үү?
-Ардчилсан намын Онц их хурлаар талцал, хуваагдал үүсээд байгаа энэ асуудал мэдээж яригдана гэж харж байна. Ардчилсан намын уналт ялалтыг ярина гэж бодож байна. Ардчилсан намын ялалт, ирээдүйн талаар мөн ярилцана.
-Эв нэгдлийн их хурал яагаад "Онц их хурал" болов, шалтгаан нь юу байсан вэ?
-Есдүгээр сарын 27-ны өдөр М.Тулгат дарга бид бүгд хамтдаа Эв нэгдлийн их хурлыг зарласан ч тэрнээс хойш асуудал өөрчлөгдсөн. Ингээд онцгой нөхцөл байдал үүссэн учраас "Онц их хурал" гэж хийе гэдэг саналыг Ардчилсан намын үндэсний бодлогын гишүүд гаргаад өнөөдөр ийнхүү хийж байна.
-С.Эрдэнийн талын гишүүд өнөөдрийн хуралд оролцож байгаа юу?
-Ер нь Ардчилсан нам хоёр хуваагдаад байгааг бүгд мэдэж байгаа. Үндэсний бодлогын хороонд нийт 400 гишүүн байдаг. Тэдний 280 нь өнөөдрийн их хурлыг хийхийг дэмжиж гарын үсгээ зурсан. Энэ хүмүүс дотор С.Эрдэнийн хүмүүс ч байгаа.
-"Онц их хурал"-ын шийдвэр хүчин төгөлдөр байх уу?
-Олонхоор шийдвэр гаргаж байгаа учраас энэ шийдвэр бол хүчин төгөлдөр гэж үзнэ. 330 сумаас гишүүд дэмжигчид хүрэлцэн ирж оролцож байгаа нь өөрөө ардчилсан намын бүрэн эрхтэй зарлагдсан их хурал гэдгийг харуулж байна.
-Энэ хурлаар нэгдсэн байр сууринд хүрэх нь чухал уу, тамга тэмдэгийн асуудлаа ярих нь чухал уу?
-Ардчилсан нам гучин жилийн хугацаанд бүрэн төгс ялж үзээгүй. Дангаараа засаглаж чадсангүй. Өөрсдөдөө дүгнэлт хийх хэрэгтэй. Даргын сайн муугаас асуудал шийдэгдэхгүй байна. Системийн иж бүрэн шинэчлэлт хийж оношоо зөв тавьж байж эмчилгээг зөв хийгдэнэ. Гучин жилийн хугацаанд ардчилсан нам цэвэр ялж үзээгүй. Монголын муу муухайг ялж үзээгүй ардчилсан намтай холбодог ийм л нөхцөл байдалтай байна. Үүнд дүгнэлт хийх ёстой гэсэн байр суурьтай байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.