Ерөнхий сайд нарын бодлогын зөвлөлийг Л.Оюун-Эрдэнэ, Ж.Эрдэнэбат нар ахална

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2021 оны арваннэгдүгээр сарын 2-нд Монгол Улсын үе үеийн Ерөнхий сайд нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ковидын үеийн нийгэм, эдийн засгийн байдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, эрүүл мэндээ хамгаалж, цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх, хязгаарлагч хүчин зүйлүүдийг багасгах талаар танилцууллаа. Засгийн газрын тэргүүнээр ажиллаж байсан эрхмүүд тухайн цаг үеийн нөхцөл байдал, тулгарч байсан асуудал, гаргасан шийдвэр бодлогоо хэлж, туршлагаа ярилаа. Мөн Оюутолгой, инфляц гэхчлэн цаг үеийн асуудлаар ярилцав.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн урилгыг хүлээн авч Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд асан Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд асан Ш.Гунгаадорж, М.Энхсайхан, М.Энхболд, С.Баяр, С.Батболд, Н.Алтанхуяг, Ж.Эрдэнэбат нар хүрэлцэн иржээ.

viber image 2021 11 02 17 33 37 179 (1)

Цар тахалтай, эдийн засгийн нөхцөл хүнд үед улс оронд эв нэгдэл, тогтвортой байдал чухал. Хувийн хэвшлээ дэмжиж, төрөөс гарах шийдвэрт иргэдийн санал, оролцоог нэмэгдүүлэх хэрэгтэй гэдэгт Ерөнхий сайд нар санал нэгдэв. Үе үеийн Засгийн газрын тэргүүний санаачилгаар Монгол Улсын Засгийн газрын бодлого, чиглэлийн залгамж чанарыг хангах, Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогыг хэрэгжүүлэхэд Ерөнхий сайдад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлын талаар судалгаа, дүн шинжилгээнд үндэслэн зөвлөмж өгөх зорилготой Тус зөвлөл улс орны нийгэм, эдийн засгийн чухал асуудлаар санал солилцож байх юм.

EDAVWW9SL7r1HriQHuCy

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэнд тусгайлан хүндэтгэл үзүүлэн, уулзаж ярилцсан байна. Мөн Ерөнхий сайд асан Д.Содном, Р.Амаржаргал нар хүндэтгэн үзэх шалтгаантай тул уулзалтад оролцох боломжгүй гэдгээ мэдэгджээ. Харин Ерөнхий сайд асан, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ИБУИНХУ-ын Глазгоу хотноо болж буй Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад оролцож байна.

viber image 2021 11 02 17 33 37 895a (1)

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.