Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар сургууль цэцэрлэг, эмнэлэг барьж буй барилгын компаниуд, барилгын материалын үнэ 30 хувь өссөнтэй холбогдуулан, үнийн өсөлтийн зөрүүг төсөвт суулгаж өгөхийг шаардсан хэдий ч өдийг хүртэл хариу өгөөгүй тул өнөөдрөөс өлсгөлөн зарлахаар мэдэгдэж хэвлэлийн хурал хийсэн. Тэгвэл Барилга хот байгуулалтын яамнаас тус асуудалтай холбогдуулан тайлбар мэдээлэл өглөө.
БХБЯ-ны төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн: Барилга хот байгуулалтын яамнаас УИХ-ын төсвийн байнгын хорооны дэд ажлын хэсэгт бүх тооцоо судалгааг, бүх хувилбараар гаргаж өгсөн. Дэд ажлын хэсэгт яамны төлөөлөл оролцож байгаа. Тус ажлын хэсэг өнөөдөр хуралдаж тодорхой шийдвэрийг гаргана гэж найдаж байна. Хийсэн ажлын гүйцэтгэлийг олгоогүй гэсэн асуудал байхгүй. Бид өдөрт нь төрийн санд гүйцэтгэлийг явуулдаг. Энэ жилийн тухайд улсын хэмжээнд хөрөнгө оруулалтын гүйцэтгэл 37 хувьтай байна. Ажлаа хийгээд, асуудал тавьсан компаниудын гүйцэтгэлийг шуурхай түвшинд шийдвэрлэж байгаа. Үнийн өсөлттэй холбоотой индексээ баталж, төслүүдэд магадлал хийхээр төлөвлөн ажлаа зохион байгуулж байна. Өнөөдрийн байдлаар он дамжин хэрэгжих мянга нэг зуу гаруй барилгын ажил явагдаж байна. Барилгын салбарын үнийн индекс оны эхний улиралд гардаг ч энэ жилийн хувьд зургадугаар сард үнэ ихээр нэмэгдсэн нь нөлөөлсөн гэж үзсэн.
Барилгын хөгжлийн төвийн захирал Ц.Амарсанаа: Үнийн өсөлтийн асуудал нь 2021 оны нэг сараас өмнө хэрэгжиж байгаа барилга байгууламж дээр яригдаж байгаа гэж ойлгох хэрэгтэй. Үнийн өсөлтийг нэмэх шийдвэр гарсан тохиолдолд барилга тус бүр дээр магадлал хийх ажлыг зохион байгуулна. 2019 оноос өмнөх гэрээний үүргээ биелүүлээгүй аж ахуй нэгжид үнийн өсөлт гэдэг зүйлсийг ярихгүй. Тухайлбал 2013 оноос хойш үргэлжилсэн ажлаа дуусгаагүй компани ч байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.