Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг эцэслэн баталлаа
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Ц.Сандаг-Очир нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. УИХ-ын гишүүн Б.Энхбаяр аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй ажиллаж байгаа албан хаагчид урамшуулал олгоход хэдэн төгрөг шаардлагатай, ирэх оны төсөвт тусгагдсан эсэхийг лавласан бол УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир зөвхөн сумдад ажиллаж байгаа биш алслагдсан дүүргүүдэд ажиллаж буй онцгой байдлын албан хаагчдыг хамруулах нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийллээ.
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Баттөмөр, хуулийн төсөлд хуулийг 2023 оноос хэрэгжиж эхлэхээр тусгасныг дурдаад аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй ажиллаж байгаа онцгой байдлын байгууллагын алба хаагчид 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамууллыг 5 жил тутам олгоход эхний жилд 261 хүнд олгох мөнгөн урамшилд 5.6 тэрбум төгрөг, цаашид жил бүр дунджаар 2.3 тэрбум төгрөг шаардагдана гэсэн хариултыг өгсөн юм.
Эцэст нь санал хураалт явуулан нийт гишүүдийн олонхын саналаар хуулийг эцэслэн баталлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.