Манай улсад 140-өөд мянган аж ахуйн нэгж бүртгэлтэй байдаг. 2019 оны 12 дугаар сарын байдлаар үүний 61 000 нь МҮХАТ-д тайлангаа ирүүлсэн байна. Бусад нь Х тайлан гаргадаг.
Гэтэл 2020 оны 12 дугаар сарын байдлаар тайлан ирүүлдэг ААН-ийн тоо 34 000 болон буурч, тал нь дампуурчээ. Гэхдээ тайлан өгсөн энэхүү 34 000 аж ахуйн нэгж бүгд хасах баланстай компаниуд байжээ. Нийт 140 мянган компаниас 92 000 нь Х тайлан ирүүлсэн. Тэд ямар ч үйл ажиллагаа явуулаагүй гэсэн үг.
Ингээд тооцоолоод үзэхэд, дампуурсан 30-аад мянган компанийн цаана хамгийн багадаа 250-400-аад мянган хүн ажилгүй, орлогогүй болсон гэж МҮХАҮТ-ын дарга О.Амартүвшин нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан байна.
Хасах баланстай, дөнгөн данган амь зууж буй цөөн хэдэн аж, ахуйн нэгжүүд нь өнөө маргаашгүй дампуурч, хаалгаа барихад ойрхон байна. Гэвч хэзээ мөдгүй унахад ойрхон байгаа тэдэнд төрийн хүнд суртал, утга учиргүй дарамт, шахалт, хавчилт толгойгоо өргөх боломж олгохгүй байна.
Нэгэн жишээ:
Караоке ажиллуулдаг иргэн өнгөрсөн хоёр жилийн дийлэнх хугацаанд хаалттай байсан учир ихэнх ажилчдаа тэг зогсолт хийлгэж, заримыг нь халахаас өөр аргагүйд хүрчээ. Сая нэг /2021.08 сар/ юм караоке ажиллуулах сургаар үйл ажиллагаагаа эхэлтэл “караокед дуулж болохгүй” гэх гайхамшигт шийдвэр гаргаснаар орлого нь хэвийн байдалд шилжих хөг өнгөрсөн байна.
Энэ нь дүүрч гэж тооцоход, өнгөрсөн хоёр жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулахгүй байсаар байтал тусгай зөвшөөрлийнх нь хугацаа дуусчээ. Хоёр жилээр эрхийг нь сунгуулдаг. Сунгуулахдаа хэдэн арван бичиг баримт, тамга тэмдэг, зөвшөөрөл болж хэдэн арван даргын гар дамжиж олддог байна.
Зөвшөөрлөө арай гэж авсан ч тусгай зөвшөөрлийн татвар, ХХОАТ, ААНОАТ, НӨАТ, архи согтууруулах ундаагаар үйлчилсний татвар... хэдэн арваар тоологдох татвартаа дарамтлуулаад эхэлжээ. Өмнөх өрнүүдээ дарж чадаагүй байсны дээр ийнхүү татварын дарамтнууд нэмэгджээ.
Үүний хажуугаар орон сууцны зээлээ гурван сараар нь хойшлуулсны өр, банкнаас авсан зээлийн хүүгээ мөн хойшлуулж, бөөгнөрүүлсний өр гэх мэт хэмжээ, хязгааргүй өр зээлэн дундаас босч ирэхэд нэн хүнд болжээ.
Үүн дээр нь нэмээд Мэргэжлийн хяналт, ШӨХТГ, Цагдаа, Гаалийн олон арван шалгалт, хяналтууд шил дараалан орж ирж, арай ядан үйл ажиллагаагаа жигдрүүлэх гэж байгаа тэднийг торгоно, эрхийг хасна, хураана гэж сүрдүүлэх нь бүр ч түгшүүртэй болгожээ.
Яг ийм нөхцөл байдалд орсон зарим нь амиа хорлох тухай ч бодож эхэлсэн гэх. Ажилгүйдэл нэг хувиар нэмэгдэхэд амиа егүүтгэгчдийн тоо нэмэгддэг гэсэн судалгаа байдаг.
УПЕГ-аас гаргасан судалгаагаар хөл хорионоос үүдэн амиа хорлолт нэмэгдэж байгаа бөгөөд амь хохирогчдын 58.5 хувь нь амьжиргааны доод түвшнээс дөнгөж дээгүүр орлоготой, 41.4 хувь нь амьжиргааны доод түвшнээс доогуур орлоготой байжээ. Мөн амиа хорлогчдын 84 хувь нь эрчүүд гэсэн судалгаа байна. Энэ нь ажилгүйдэл, ядуурал, архины хэрэглээ, нийгмийн стрессээс үүдэлтэйг сэтгэлзүйчид онцолжээ.
Хүсэх нь:
Арай гэж амьдрах гэж, амьд үлдэх гэж тэмцэж буй жижиг аж ахуйн нэгж, компаниудыг энэ хүнд үед нь л түлхэж унагаахгүй байх нь чухал байна. Тиймийн тул олон арван шалгалт, шүүлэг, татвар, төлөөс, дарамт, шахалтаа цөөлж, бүр болбол хөл дээрээ тогттол нь элдэв шалгалт, шүүлгээр дарамтлахгүй, хяхан хавчихгүй байхыг тэд ТӨРӨӨС хүсэж байна.
Гэрэл зургийг С.Цогтбаяр
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.