Монгол, Оросын хамтарсан “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дарга Д.Жигжиднямаа өнгөрөгч долдугаар сард хүнд өвчний улмаас нас барсан. Гэвч түүний оронд томилох хүнийг сонгуулахаар Оросын талд гурван хүнийг нэрийг явуулсан билээ.
“УБТЗ”-ын даргад Ц.Хүрэлбаатар, Б.Даваасүрэн, Г.Сэрээнэндорж нарын гурван хүн санал болгосон ч Оросын тал зөвшөөрсөнгүй гэх мэдээллийн дагуу ЗТХ-ийн дэд сайд Ж.Бат-Эрдэнээс тодрууллаа.
-Хүлээн зөвшөөрсөнгүй гэдэг мэдээлэл хаанаас гарсныг мэдэхгүй. Оросын талаас дээрх гурван хүнийг албан ёсоор хүлээн зөвшөөрөхгүй гэдэг хариуг одоохондоо аваагүй байна. Оросын талаас бол УБТЗ-ын дарга бол туршлага, мэдлэг чадвартай, олон улсын тавцан дээр ажиллах, төрийн байгуулагуудтай харилцах чадвартай ийм хүн байвал сайн байна гэсэн санал явж байгаа.
-Ямар дүрмийн дагуу шийдэх вэ?
-УБТЗ-ын дүрэм гэж байдаг. Тэр дүрмийнхээ хүрээнд асуудал яригдаад явж байгаа.
-Оросын талтай хэзээ уулзаж ярилцах вэ?
-Оросын талтай хамтарч ажиллаж байна. Одоогоор хэдийн хугацаанд гэж хэлэх боломжгүй.
-Нэр яригдсан гурван хүний хувьд авлига, хээл хахуултай холбогдсон гэх асуудлаар Оросын тал хүлээн зөвшөөрөхгүй байна гэдэг мэдээлэл явж байгаа?
-Тэрийг бол мэдэхгүй.
-Дээрх гурван хүнийг хүлээн зөвшөөрөхгүй бол дөрөв дэх хүний асуудал яригдах уу?
-Санал болгосон гурван хүнийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн албан ёсны мэдээлэл алга. Ямар ч байсан Оросын талтай хамтарч ажиллана. Хаа хаанаа томилгооны асуудлыг яаравчлах шаардлагатай байгаа. Тэр талаар ажиллаж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.