Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн Засгийн газрын хуралдаанаар Улаанбаатар хотын тулгамдсан асуудал болох түгжрэлийг шийдэх шийдлүүдийг танилцуулсан талаараа мэдээлэл хийсэн.
Энэ үеэрээ Улаанбаатар хотыг 2028 оноос зүүн хүрдтэй тээврийн хэрэгсэлд 100 хувь шилжүүлэхээр танилцуулсан. Мөн 2022 оноос долоогоос дээш жилийн насжилттай импортын машины татварыг нэмэх гэх зэрэг 15 саналыг танилцуулсан юм.
Түгжрэлийг бууруулах ажлын алба түгжрэлээр далайлгаж татвар, торгууль нэмж, тендер гаргах ажлын алба болсон эсэх талаар эдийн засагч Д.Эрдэнэцогттой ярилцлаа.
Д.Эрдэнэцогт: Маш олон саналуудыг танилцуулсан ч ямар ч үр дүнгүй, нүд хуурсан асуудал. Түгжрэлтэй байна гээд төрийн албан хаагч нарыг нэг өдөр цахимаар ажиллуулах санал байсан. Төр иргэндээ үйлчлэх ёстой байтал зам түгжрэлтэй байна гээд цахимаар ажиллаж, цалин авна гээд ярьж байж боломгүй. Дарга нарын хувьд замын түгжрэлийн ойлголт буруу байгаагаас болоод уг асуудлыг шийдэж чадахгүй байгаа юм. Хүнийг машинаас буулгаад машиныг нь гэрт үлдээх арга бодох байтал машин унавал торгоно гээд ярьж болохгүй. Замын түгжрэл бол хот төлөвлөлт, хуучин машины асуудал биш зөвхөн нийтийн тээврийн асуудал. Сүүлийн 10 хэдэн жил нийтийн тээврийн парк шинэчлэлтийг хийсэнгүй. Нийтийн тээврийг хөгжүүлж чадах юм бол түгжрэлийг шийдэх боломжтой.
Иргэдийн хувьд: 2028 оноос Улаанбаатар хот 100 хувь зүүн жолооны хүрдтэй автомашинд шилжих, 2022 оноос долоогоос дээш жилийн насжилттай тээврийн хэрэгслийн импортын татварыг нэмэх асуудлыг дэмжихгүй байна гэсэн юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.