Баатар хилчин Б.Тэгшээгийн хүрэн халзан морины хөшөө сүндэрлэлээ

Монгол Улсын баатар хилчин Баянбалын Тэгшээгийн хүрэн халзан морины хөшөөг унаган нутаг Говь-Алтай аймгийн Бугат суманд сүндэрлүүлжээ. Хүрэн халзан морь бол баруун хилийн тулгаралтуудад монгол адууны хурд хүч, тэсвэр тэвчээр, үнэнч байдлыг харуулан онцгой хувь нэмэр оруулсан гавьяат адуу юм.  

Хөшөөний нээлтийн арга хэмжээнд хүрэн халзан морины эзэн болох Х.Шагдарын үр хүүхэд, төрөл төрөгсөд, ДХИС-ийн Хилийн аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор, профессор, бэлтгэл хурандаа Ц.Ганболд, Хил хамгаалах Ерөнхий газрын Төв архив, хилийн 0130, 0214 дүгээр ангийн төлөөлөл оролцжээ.

Түүхийг нэхэн санавал, Говь-Алтай аймгийн Бугат сумын иргэн Х.Шагдар нь соёлон насны хүрэн халзан морио баруун хязгаарын хилчдийн албаны хэрэгцээнд зориулан цэргийн агтанд бэлэг болгон өгсөн байдаг.

Баруун хилийн ээдрээт нөхцөл байдлыг бүрэн дуусах хүртэл /1940-1948 он/ хүрэн халзан морь албаны үүргээ нэр төртэй биелүүлжээ. Харин 1948 оноос төрийн анхааралд авч, Ховд аймгаас Улаанбаатарт хүргэн морин тойруулгад маллаж байсан бөгөөд 1967 онд 30 настайдаа ертөнцийн мөнх бусыг үзүүлжээ.

Хилчдийн бахархал болсон хүрэн халзан морь, хилчин баатруудын гавьяат үйлсийг мөнхжүүлэн, залуу хойч үед хилч, эх оронч үзэл санааг сурталчлах үйлсийг санаачлан хэрэгжүүлсэн Х.Шагдарын үр хүүхэд, төрөл төрөгсөд, албаны хүмүүст гүн талархал илэрхийлье.

240106165 1794821140690136 1919769997000853450 n240532020 1794821170690133 4001434348614376885 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.