? LIVE: Л.Оюун-Эрдэнэ: Богдхан төмөр замыг гурван жилийн дотор ашиглалтад оруулна

Богдхан төмөр замын барилгын ажлыг өнөөдөр эхлүүллээ. Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцлоо. 

Монгол Улсын Засгийн газар энэ сарын 4-ний хуралдаанаараа Богдхан төмөр замын төслийн суурь бүтэц барих тусгай зөвшөөрлийг “Тавантолгой төмөр зам” ХХК-д олгосон. Үүний дагуу барилгын ажлыг өнөөдөр эхлүүлээд байгаа юм. 

Богдхан төмөр зам нь Рашаант өртөөнөөс Богдхан уулын урдуур тойрч, Мааньт өртөөтэй холбогдох бөгөөд Төв аймгийн Алтанбулаг, Сэргэлэн сум, Улаанбаатар хотын Сонгинохайрхан, Хан-Уул, Багахангай дүүргийн газар нутгийг дамжин нийт 135.8 км үргэлжилнэ.

Богдхан төмөр зам нь зургаан зөрлөг, гурван өртөөтэй, нийт 16.6 км урттай газар доогуурх хоёр хонгилтой. Нэг хонгил нь 9.1 км, нөгөөх нь 7.5 км. Уг төмөр замыг Япон, ОХУ-ын хөрөнгө оруулалт болон өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр төлөвлөөд яриа хэлэлцээ хийж байгаа. Эхний ээлжинд өөрсдийн нөөц боломжоор эхлүүлэхээр шийдвэрлээд байгаа юм байна. 

Нээлтийн үйл ажиллагаан дээр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:

-

kvUSaMhXhdfZRgsOMXB0

Богдхан төмөр зам нь нийслэлийн түгжрэлийг сааруулж, Төв аймгийн нутаг дэвсгэрт дагуул хотууд бодитоор бүрэлдэн бий болох, авто замын түгжрэл буурах үндсэн шийдлийн нэг болох юм.

Анх Улаанбаатар хотод 500 мянган хүн оршин суухаар төлөвлөсөн ч өнөөдөр гурав дахин хэтэрсэн байна. Өнөөдөр Улаанбаатар хот 300 мянган автомашиныг 25 км цагийн хурдтай нэвтрүүлэх хүчин чадалтай ч 500 гаруй мянган автомашин хөдөлгөөнд оролцож дундаж хурд 13 км цаг, оргил ачааллын үед 8 км цаг болж удааширчээ.

Мана улс жил бүр 80-90 мянган автомашиныг худалдан авдаг. Энэ байдлаараа дахиад 2-3 жил болоход Улаанбаатар хот ТЭГ зогсолт хийх нөхцөл үүсээд байна.

Харин Богдхан төмөр зам ашиглалтад орсноор Хөшигийн Хөндийн их бүтээн байгуулалт эхэлж, Хөшигийн хөндийд гурван том Тээвэр ложистикийн терминал баригдаж, экспорт нэмэгдэж, Эдийн засгийн чөлөөт бүс байгуулагдах нөхцөл бүрдэж, Төв аймаг цаашид улсын чанартай хот болон хөгжих юм.

Улмаар Монгол Улсын нутаг дэвсгэрийг дамжин хөрш орнууд болон Ази, Европыг холбох эдийн засгийн коридорын хөгжил, түүн дотроо  Улаанбаатар төмөр замын тээврийн оролцоо, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд томоохон хувь нэмэр болно.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.