Яамны ажилчдаа харааж, загнан, салфетка зөөгөөгүйн төлөө хална гэж сүрдүүлдэг сайд
"Яамны ажилчдаа харааж, загнан, салфетка зөөгөөгүйн төлөө хална гэж сүрдүүлдэг" эмэгтэй сайд байдаг тухай яриа хэвлэлийнхэн дунд тархаад байсан юм. Тэгвэл тэр хатагтай нь БОАЖ-ын сайд Н.Уртнасан бололтой.
Учир юун гэвэл, Байгаль орчны салбарт нэг насны сэтгүүлчийн амьдралаа зориулж яваа цөөн сэтгүүлчдийн нэг болох Ц.Цэвээнхэрлэн хатагтай сайд Н.Уртнасангийн ёсзүйгүй асуудлыг хөнджээ.
Тэрээр,
"...Төрийн хар хүн, жинхэнэ албан хаагч гэх ойлголтыг өнгөрсөн жилүүдэд үе үеийн сайд нараас харсан. Харин энэ удаад улаан цагаандаа гарсан сайданцарыг тэвчиж чадахгүй нь. Алба, хэлтэс, газрын дарга нараа өрөөндөө дуудаад, “Миний үгээр явахгүй бол зайл... ”, “Амьдралыг чинь 3 секундэд шийднэ...9 секундэд шийднэ...30 секундэд шийднэ... " хэмээн орилж чарладаг эмэгтэй хамгийн хайртай салбарын маань сайдын өрөөнд, сандал дээр нь сууж байна гээд бодохоор бачуурч байна..." гэжээ.
Түүний бичсэнээр эрхэм сайдтан газар, хэлтсийн бүх дарга нараа одоог болтол ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ-ээр ажиллуулж байгаа бөгөөд төрийн албан хаагчдын зэрэг, дэв, цалин хөлсний асуудал шийдэгдэхгүй өнөөдрийг хүрчээ.
Н.Уртнасан сайд Биоаюулгүй байдлын үндэсний хорооны нарийн бичгийн дарга, Биоаюулгүй байдлын олон улсын шинжээч, доктор С.Баярхүүг ажлаа өг хэмээн дарамтлаад зогсохгүй халах тушаалыг нь гарга гэсэн үүрэг өгчээ.
Мөн сайдын зөвлөхөөр өдгөө ажиллаж байгаа Ё.Ононг мөн “Зайлаарай” хэмээн сүрдүүлсэн гэнэ. Үүнээс гадна, тус яамны Аялал жуулчлалын газрын дарга С.Баясгалан ууртай сайдын дарамтаас болж халагдах өргөдлөө өгсөн байна.
Хамгийн ноцтой нь БОАЖ-ын сайд хатагтай газар, хэлтсийн дарга нартай хурал хийхдээ бүгдийнх нь утсыг хурааж авч оруулдаг бөгөөд харааж, загнах нь энгийн үзэгдэл болсон тухай сэтгүүлч Ц.Цэвээнхэрлэн харамсан бичжээ.
Хэрэв төрд ийм ёсзүйгүй сайд байгаа нь үнэн бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танхимынхаа "хорхойтой шүд" болсон Н.Уртнасан сайдад хариуцлага тооцож явуулах уу, тэр чигт нь буглуулаад үлдэх үү гэдэг анхаарал татаж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.