Энэ оны улаанбуудайн хэрэгцээг дотооддоо бүрэн хангах боломж бүрдээд байна

Хэдийгээр тариалалтыг хөл хорионы дэглэм тогтоосон, цар тахал дэгдсэн амаргүй нөхцөл байдалд хийсэн ч 6-р сарын сүүлчээр орон нутгаас авсан мэдээллээр нийт улаанбуудай тариалсан талбайн 80 орчим хувь нь соёололтоороо чанарын онцсайн үнэлгээтэй гарсан. Буудайн соёололт онц сайн үнэлгээтэй гарсан нь тариалангийн бүс нутагт 5, 6-р сард хур тунадас ахиу орж чийг их өгсөнтэй холбоотой.

“Урьдчилсан тооцоо судалгаагаар энэ жилийн хувьд улаанбуудайн хэрэгцээг дотооддоо бүрэн хангах боломж бүрдээд байна. Тариаланчдын уйгагүй хөдөлмөрийн дүн ийнхүү гарлаа. Гэсэн ч эрт баярлаж, санаа амарч боломгүй хариуцлагатай цаг үе” болохыг салбарын сайд З.Мэндсайхан онцолж байна. 

Тэрээр “Ойрын өдрүүдэд болон энэ сарын сүүлээр цочир хүйтэрнэ гэсэн цаг агаарын урьдчилсан мэдээ гарсан тул ургацаа бүрэн авахын тулд дор бүрнээ хичээх хариуцлагатай өдрүүд өмнө ирлээ. Засгийн газраас ургац хураалтын ажлыг технологийн хугацаанд дуусгах, цар тахлын үед хүнсний хангамжийг тогтвортой байлгах, нөөц бүрдүүлэх зорилгоор их, дээд сургууль, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн оюутан, сонсогч, цэргийн алба хаагчид болон ажил хайж байгаа иргэдийг ургац хураалтад оролцох боломжоор хангах шийдвэр гаргасан. Алтан намрын ажилд гар бие оролцож, амьдралынхаа нэгэн сайхан түүхийг бүтээх ажилд залуус идэвхтэй оролцохоо илэрхийлсээр байгаа нь талархууштай” гэжээ.

photo 2021 08 23 10 44 54 

Мөн энэ 7 хоногт ургацын урьдчилсан баланс гарч, ирэх сарын 15-наас ургац хураалтын ажил эхэлнэ. Энэ хүртэл цаг агаарын эрсдэлээс урьдчилан сэргийлж, хөдөлмөрийнхөө үр шимийг алдагдал хорогдолгүй хүртэхийн төлөө хичээж, #Ургацаа_бүрэн_авахыг уриаллаа.

photo 2021 08 23 10 44 57

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.