Сургууль татан буулгах “тэнэглэл”-ийг Б.Сүхбаатар санаачилж, Н.Баярмөнх гардан гүйцэтгэж байгаа юу?
Нийслэл дэх сургууль, цэцэрлэгийн хүртээмжгүй байдлаас үүдэн сургуулиуд гурван ээлжээр хичээллэх, нэг ширээнд гурван хүүхэд чихэлдэж суух гээд бэрхшээлүүдийг бидний хүүхдүүд хөлсөө урсган туулж яваа. Харин нэг ч гэсэн сургууль, цэцэрлэг нэмж ашиглалтад оруулахаар ажиллаж, хөөцөлдөж явах ёстой нийслэл, дүүргийн удирдлагууд тэгвэл эсрэгээрээ сургууль татан буулгах шийдвэр гаргуулахаар улайран гүйж яваа эмгэнэлтэй үйлдэл Баянзүрх дүүрэгт болж байна.

Тодруулбал, 2016 онд ашиглалтад орсон нийслэлийн ерөнхий боловсролын 136 дугаар бага сургуулийг татан буулгаж, 148-р сургуультай нэгтгэхээр нийслэлийн Боловсролын газраас ажлын хэсэг гарчээ. Тус ажлын хэсгийг нийслэлийн Боловсролын газрын Дэд дарга Ж.Буянтогтох ахлан яваа аж.
136-р бага сургуулийг татан буулгах саналыг Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх өнгөрсөн долоодугаар сарын 29-ний өдөр нийслэлийн Боловсролын газарт хүргүүлсэн аж. Гэвч эх сурвалжийн мэдээллээр тухайн “тэнэглэл”-ийг санаачлагч нь нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, “Суман гүн” ХХК-ийн эзэн Б.Сүхбаатар гэх мэдээлэл байгаа юм.
Ямар ч юм ашиг сонирхолд өртөн, татан буугдах хэмжээнд яригдаж буй 136-р сургуульд 350 гаруй сурагч суралцаж, 30 гаруй багш, ажилтан ажилладаг. Сурагчдыг нь 148-р сургууль руу шилжүүлэх бол багш, ажилтнуудыг нь хэрхэх нь тодорхойгүй байгаа аж. Эндээс харвал ямар судалгаанд үндэслэн, ямар хуваарилалт, зохицуулалт хийсэн нь огт тодорхойгүй, гагцхүү “яах нь хамаагүй, яадаг ч байсан татан буулга” гэдэг чиглэлд лүндэгдүүлсэн бололтой юм.
Нэмж байгуулахын оронд нийлүүлж цомхотгох, татан буулгах ухаан сийлж суугаа Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх, алсаас чиглэл өгч байгаа гэх НИТХ-ын төлөөлөгч Б.Сүхбаатар нарт төрийн байгууллагыг татан буулгах, төрийн алба хаагчдын ажлын байрыг зоргоороо өөрчлөх, үгүй болгох, түмний алаг үрсийн сурах орчинг өөрсдийнхөөрөө өөрчлөн, эргүүлж байх хааны мэт эрх ямба бий юу?
Үргэлжлэл бий...
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.