ХСҮТ-ийн эзэмшил газарт хууль бусаар барьсан 59 гараашийг буулгалаа
"Улаанбаатар хотын төлөвлөлтийн дагуу алдсан газруудаа сэргээн авах ажлын хүрээнд ХСҮТ-ийн ард хууль бусаар барьсан гараашнуудын газрыг чөлөөлөх асуудлыг мэргэжлийн байгууллага, газрын алба, ИТХ-аар оруулж, баталгаажуулан, Засаг даргын захирамж гаргана” гэж Хотын дарга мэдэгдэж байсан. Тэгвэл Хотын даргын гаргасан 2021 оны 250 дугаар захирамжийн хүрээнд Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас яаралтай газар чөлөөлөх чиглэлээр ажиллаж, гарааш өмчлөгч иргэдэд удаа дараа шаардах хуудас хүргүүлжээ.

Гарааш эзэмшигч иргэдэд 4-5 удаа газар чөлөөлөх шаардах хуудас хүргүүлсэн ч өнөөдрийг хүртэл тухайн иргэд газраа чөлөөлөөгүй тул тус гараашнуудыг албадан чөлөөлжээ. Чөлөөлсөн газар дээр хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн төв барьж байгуулахаар төлөвлөөд байна.

“ХСҮТ-ийн барилга 1982 онд ашиглалтад орсон. Тухайн үед Монгол Улсын хүн амын тоо болоод хавдар өвчний тохиолдол одоогийнхоос эрс бага байсан. Гэтэл өнөөдөр ХСҮТ-өөр нэг өдөрт 5-6 мянган хүн үйлчлүүлдэг, өндөр ачаалалтай эмнэлэг болсон. Ийм нөхцөл байдал нь хавдраас урьдчилан сэргийлэх, эрт оношлуулах хүсэлтэй иргэдэд хүндрэл чирэгдэл үүсгэж, эмнэлэгт үзүүлэх боломж нөхцөл нь бүрддэггүй. Тиймээс ХСҮТ-д хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх төв байгуулах зайлшгүй шаардлага үүсээд байгаа юм. Тиймээс ч уг гараашуудыг буулгаж, хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн төв барьж байгуулж байгаа нь сайшаалтай хэрэг гэж СХҮТ-ийнхөн үзэж байна.
Цаашид 21 аймагт хавдрыг эрт үед нь илрүүлж, урьдчилан сэргийлэх төвтэй болохын тулд тэдгээрийг зангидах нэг гол төв нь энэхүү хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн төв байх юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.