? LIVE: П.Цэрэнням: Олон Улсын шуудан илгээмжтэй холбоотой гомдол ирсэн тохиолдолд 3-5 хоногт шийдвэрлэхээр ажилладаг
БНТУ-аас онлайнаар бараа захиалдаг иргэд 40-50 тэрбум төгрөгөөрөө хохирч байгаа талаараа мэдээлэл хийсэн. Уг асуудалтай холбогдуулан Харилцаа холбооны зохицуулах хорооны Шуудангийн зохицуулалтын газрын дарга П.Цэрэннямаас олон улсын ачаа тээвэр гацаж, иргэд хохирсон асуудлыг хэрхэн яаж шийдвэрлэж байгааг тодрууллаа.
ХХЗХ-ны Шуудангийн зохицуулалтын газрын дарга П.Цэрэнням:
“Гэрээт ложистик” гэдэг компанийн үйл ажиллагаанаас болж хохирсон иргэд өнөөдөр мэдээлэл хийж байна билээ. Тухайн компани нь манай ХХЗХ-оос ямар нэгэн тусгай зөвшөөрөл аваагүй. Тэгсэн атлаа тээвэр зуучийн үйлчилгээ үзүүлдэг компани юм байна гэж би ойлгосон. Сүүлд үед дэлхий дахинд цахим худалдаагаар бараа бүтээгдэхүүн захиалаад, түүнийгээ шуудангаар дамжуулан авах үйлчилгээ эрс нэмэгдэж байгаа. Сүүлийн хоёр жилийн хугацаанд ковид цар тахлаас үүдэлтэйгээр иргэдийн захиалсан ачаа бараа цаг хугацаа алдаж ирэх нь ихэссэн. Мөн замдаа шуудан илгээмж алдагдах, төөрөх явдал ихэссэн. Энэ төрлийн гомдлыг манай байгууллага хүлээн авч шалгаж шийдвэрлэдэг байгаа. Гэхдээ “Гэрээт ложистик” ХХК-тай холбоотой ямар ч гомдол мэдээлэл одоогоор манайд ирээгүй байна. Хэрэглэгч манайд гомдлоо гаргасан тохиолдолд бид хуульд заасны дагуу нягталж шалгана.
Шуудангийн чиглэлийн үйлчилгээ эрхлэх гэж буй аливаа байгууллага манайхаас заавал зөвшөөрөл авах ёстой. Тухайлбал, Турк Улсаас ачаа бараа тээвэрлэх тусгай зөвшөөрөл гурван компани өнөөдөр хэвийн үйл ажиллагаагаа явуулж байна. Эдгээр компаниудтай холбоотой ямар ч гомдол мэдээлэл ирээгүй.
Шуудан илгээмж нь өөрөө маш нарийн стандарт, дүрэм журмын дагуу ажиллах ёстой. Тээвэр зуучийн үйлчилгээ эрхэлдэг байгууллага нь Төмөр зам, МИАТ зэрэг компаниудаас зөвшөөрлөө авдаг.
Монголчууд олноор амьдарч байгаа Солонгос, Америк зэрэг орнуудаас шуудан илгээмж оруулдаг цөөнгүй компани бий. Тухайн компаниудыг бид жилдээ 2 удаа шалгадаг. Шуудан илгээмж саатсан, удсан, төөрсөн зэрэг гомдлыг иргэдээс ирүүлсэн тохиолдолд бид шуурхай шалгаж, шийдвэрлэдэг байгаа.
Манайд илгээмж удлаа гэдэг гомдол цөөнгүй ирдэг. Ачаа бараа монгол руу тээвэрлэгдэх явцдаа агаараар, усан болон галт тэргээр машинаар дамжиж орж ирдэг. Үүнээс үүдэлтэй удаашрал байдгийг иргэд ойлгох ёстой. Манайд иргэд гомдол гаргасан тохиолдолд хэрэглэгчийн гомдлыг ажлын 3-5 хоногт шийдвэрлэхээр ажилладаг. Олон Улсын тээвэртэй холбоотой гомдлыг шийдвэрлэхэд тодорхой хугацаа ордог. АНУ руу явуулсан илгээмж замдаа алдагдсан гомдлыг шийдвэрлэхэд нэг сарын хугацаа орсон.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.