? LIVE: Д.Отгонтуяа: Г.Ган-Очирыг амаа хамхихгүй бол аавыг чинь хордуулж ална шүү гэж дарамталсан гэсэн
Сонгуулийн санал тоолох төхөөрөмж буюу "хар машин"-ы луйврын талаар болон аавынхаа нас барсны талаар мэдээлэл хийх гэж байсан иргэн Г.Ган-Очирыг өнөө өглөө цагдаа нар баривчилжээ. Уг асуудлаар иргэн Г.Ган-Очирын дэмжигч, иргэн Д.Отгонтуяа мэдээлэл өгсөн юм.
Иргэн Д.Отгонтуяа:
-Г.Ган-Очир бид хэвлэлийн бага хурал зарласнаас хойш хурлын бэлтгэлээ хийгээд хамт хоносон. Гэвч цагдаа нар түүнийг өглөө баривчлаад аваад явсан. Одоо цагдаа нар түүнийг эрүүлжүүлэгт хоносон мэтээр худал мэдээлэл тарааж байна.
Г.Ган-Очир сонгуулийн хар машины луйварыг илчлэх гэж байсан юм. Мөн аавыг нь хордуулж алсан талаар маш ноцтой мэдээлэл хүргэх гэж байсан юм. Үүнээс гадна НӨАТ-ын сугалаанаас 175 тэрбум төгрөгийг хэрхэн луйвардсан талаар маш ноцтой баримт дэлгэх гэж байсан юм. Гэвч түүнийг баривчилж авч явснаараа монголын ард иргэдийн эрхэд маш ноцтой халдаж байна.
-Г.Ган-Очирыг баривчилсныг гэрчлэх баримт байгаа юу?
-Хэвлэлийн хурал зарласнаас хойш цагдаа нар гэрийнх нь ойр орчимд яваад байна гэдэг мэдээлэл авсан. Тэгээд гэртээ хонолгүй, аавындаа хоносон юм. Бид хамтдаа хоносон. Гэтэл хэвлэлийн хурлын өмнөхөн аавынх нь гэрээс баривчлаад аваад явсан. Гэрчлэх маш олон хүн байгаа.
Та аавыг нь хордуулж алсан талаар ноцтой зүйл ярилаа шүү дээ. ШШҮХ-ийн дүгнэлт гарсан юм уу?
-ТЕГ-ын 6-р номерын өрөөнд анх мэдүүлгээ өгч байхад нь нэг дарга нь орж ирээд Ган-Очирыг “дуугүй болохгүй бол аавыг чинь хордуулж ална шүү” сүрдүүлсэн байдаг. Түүнээс хойш аав нь гурван сарын турш бие нь өвдөж байгаад байгаад нас барсан.
Тэр хүн ясан дээр тохсон арьс шиг болтлоо турж, нүүр нь цэлдий хөх болж, нүд нь хөдлөхөөс өөр хөдөлгөөнгүй байж байгаад нас барсан. Энэ асуудлаар Ган-Очир мэдээлэх гэж байсан юм.
Гэвч цагдаа нар түүний эрхийг маш бүдүүлгээр зөрчиж, аавынх нь гэрээс баривчилж авч явсанд харамсаж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.