Монголын жүдочид БНСУ-ын багийг 4:1-ээр хожив
"Токио-2020" олимпын наадмын жүдо бөхийн тэмцээний сүүлийн өдөрт жүдо бөхийн багийн тэмцээн явагдаж байна.
Монголын баг эхний шатанд БНСУ-ын багтай таарсан билээ. Монгол, Солонгос энэ олимпоос адилхан нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн бөгөөд тэнцүүхэн өрсөлдөгчид юм.
Эхний барилдаан +90 кг-ынхны хооронд болоход Ө.Дүүрэнбаяр улсаа төлөөлөн дэвжээнд гарчээ. Энэ барилдаанд солонгос бөх Ким Мин Жон манай бөхийг ороод ирэхэд нь дагуулж хөл тавиад цэвэр ялсан байна.
Ийнхүү БНСУ 1:0-ээр тэргүүлж эхэлсэн эгзэгтэй мөчид манай гол найдвар Д.Сумъяа дэвжээнд гарсан аж. Тэрээр харин өрсөлдөгч Ким Жи Сүг мэхээ дутуу хийхэд нь дагуулж дайраад, вазари авч ялжээ.
Гурав дахь барилдаанд манай Ц.Цогтбаатар Ан Чан Римтэй хүч сорив. Хоёр бөх хувийн төрөлд хоёулаа хүрэл медаль авсан гэдгээрээ онцлог бөгөөд энэхүү чухал барилдаанд манай бөх торгуулиар ялсан байна.
Үүний дараа дэвжээнд гарсан Б.Ганхайч дээд жингийнхээ бөх Ким Сеон Гёныг солгой хутгаж, вазаригаар ялснаар Монголын баг 3:1-ээр тэргүүлж эхэлсэн юм. Улмаар -90 кг-д Г.Алтанбагана дэлхийн аварга Гвак Дон Ханыг торгуулиар ялснаар Монголын баг солонгосчуудыг 4:1-ээр буулган авчээ.
Одоо манай улсын тамирчид шөвгийн наймд ОХУ-ын багтай хүч сорих болно.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.