У.Хүрэлсүхийн Засгийн газрын арван сайд ЖДҮХС-аас зээл авсан уу
Ард түмний амь амьжиргааг дэмжих ЖДҮХС-аас төрийн өндөр албан тушаалтнууд зээл авсан гэх мэдээлэл иргэдийн бухимдлыг ойрын үед хамгийн ихээр төрүүлээд байгаа.
Засгийн газрын гурван ч сайд уг сангаас зээл авсан гэж анх яригдаж эхэлсэн ч яг одоогоор АТГ-т шалгагдаж байгаа ганц хүн нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд асан Б.Батзориг юм. Тэрээр “Тээвэр ачлал” ХХК-иар 1,4 тэрбум төгрөгийн зээл авсан болох нь батлагдаж, шалгагдаж эхэлсэн.
Араас нь Зам тээвэр хөгжлийн сайд Я.Содбаатар Эпота Анарваан ХХК-аар 1,2 тэрбум төгрөгийн зээлийг ЖДҮХС-аас авсан нь тогтоогдож АТГ-аас шалгаж эхэлжээ.
Гэтэл энэ мэдээллийн араас У.Хүрэлсүхийн Засгийн газрын найман сайд ЖДҮХС-аас зээл авчээ гэсэн мэдээлэл цахим ертөнцөөр тарлаа.
Үүнд:
- ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар “Эмийн үйлдвэр” ХХК-иар 1.2 тэрбум, “Асрал хайрхан” ХХК-иар 1.7 тэрбум,
- Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Хантай хайрхан” компаниар тэрбум төгрөг,
- Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан “Мон лайвс” ХХК-иар 490 сая төгрөг, “Хаганат” ХХК-иар 195 сая төгрөг,
- Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, “Нарлаг хараа” ХХК-иар 750 сая төгрөг,
- Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг “Бээвэр” ХХК-иар 300 сая төгрөг,
- Уул, уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар “Үндэсний хөрөнгө оруулалтын банк” ХХК-иар 500 сая төгрөг,
- БОАЖ-ийн сайд Н.Цэрэнбат “Хархираан хөгжил”, “Булган буудайн түрүү” ХХК-иараа 600 сая төгрөг,
- Батлан хамгаалахын сайд Н.Энхболд Өлзий дээс ХХК-иар 500 сая төгрөг авчээ гэсэн мэдээлэл.
АТГ-аас уг хэргийн мөрөөр томоохон мөрдөн шалгах ажиллагаа хийж эхэлсэн байна. Дээрх компаниуд сайд нартай хэрхэн холбогдож буйг нарийн шалгаж тогтооно гэдгийг өчигдөр хуралдах байсан АБГББХ-ны хуралдаан дээр ирсэн Нийслэлийн Ерөнхий прокурор Д.Баярмагнай хэлсэн юм.
Хэрэв энэ мэдээлэл үнэн болох нь батлагдвал зээл авсан нь тодорхой болсон гурван сайд дээр нэмээд шинэ найман сайдыг нэмбэл нийт 10 сайд нь ЖДҮХС-аас зээл авсан гэсэн үг юм.
Эх сурвалж: Imongolia.mn
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.