Ковидийн улмаас таеквондогийн ДАШТ цуцлагдлаа
Дэлхий нийтийг түгшээгээд буй коронавирусийн цар тахлын тархалт нэмэгдэж буйтай холбогдуулан сүүлийн хоёр жилийн хугацаанд бүх төрлийн спортын арга хэмжээ тодорхойгүй хугацаагаар цуцлагдсаар байна.
Ирэх намар /10 дугаар сарын 12-18-ны хооронд/ БНХАУ-ын Вуши хотноо зохион байгуулагдах байсан таеквондогийн насанд хүрэгчдийн 25 дахь удаагийн ДАШТ цуцлагдлаа. Дэлхийн таеквондогийн холбооноос мэдээлж буйгаар Вуши хотын зүгээс ДАШТ-ийг нэг жилээр хойшлуулж ирэх жил буюу 2022 онд зохион байгуулах хүсэлтээ ирүүлснийг ёсоор болгожээ. Энэ талаар дэлхийн таеквондогийн холбооны ерөнхийлөгч ноён Ч.Чоу: "ДАШТ-ийг хойшлуулах болсонд үнэхээр их харамсаж байна. Гэвч бид тамирчдынхаа эрүүл мэндийг хамгаалах, тэгш оролцоог хангах нь хамгаас чухал тул энэхүү шийдвэр нь зөв гэдэгт эргэлзэхгүй байна. Тун удахгүй бид "Токио-2020 олимпын наадамд 61 улс, дүрвэгсдийн багийн нийт 130 шилдэг тамирчин, 37 орны 72 пара-таеквондогийн тамирчдын гайхалтай тулаануудыг үзэх болно." хэмээн мэдэгджээ.
Ташрамд сонирхуулахад таеквондогийн ДАШТ нь 1973 оноос хойш хоёр жил тутамд зохион байгуулагдаж ирсэн түүхтэй ба өнөөдрийг хүртэл БНСУ-ын баг тамирчид 171 алт, 32 мөнгө, 36 хүрэл медаль хүртсэн амжилтаар хол тасархай тэргүүлж байна. Харин тамирчдын дундаас олимпын хошой аварга АНУ-ын домогт Стивен Лопез таван дэлхийн аварга дараалан алтан медаль хүртсэн амжилтаар ДАШТ-ий түүхийг чимж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.