СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Н.Энхжаргал: Төрийн үйлчилгээг иргэдэд хүргэхэд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа ус, агаар мэт хэрэгтэй байна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 жилийн өмнө

“Гэрэгэ системс” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн Н.Энхжаргалтай ярилцлаа. 

- “Гэрэгэ киоск”-оор дамжуулан гадаадын иргэд төрийн зарим үйлчилгээг илүү амар хялбар аргаар авах боломж бүрдсэн. Гадаадын иргэд ямар ямар үйлчилгээ авч болох вэ? Энэ үйлчилгээг нэвтрүүлэхээс өмнө иргэдэд ямар хүндрэл бэрхшээл тулгарч байв?

- “Гэрэгэ Системс” компани “Гэрэгэ киоск” зах зээлд нэвтрүүлээд гурван жил гаруй болж байна.Хамгийн анхны киоскийг 2017 оны 10 дугаар сард зах зээлд нэвтрүүлсэн. Энэ цагаас хойш бид үйл ажиллагаагаа тасралтгүй өргөжүүлэн хөгжүүлж ирлээ. Бид хамгийн сүүлд Гадаадын Иргэн, Харьяатын Газартай хамтран гадаадын иргэд тус байгууллагаас авдаг 66 төрлийн үйлчилгээг цахимаар авч, төлбөрөө төлөх боломжтой боллоо. Өмнө нь “Гэрэгэ киоск”-оос зөвхөн монгол иргэд л үйлчилгээ авдаг байсан бол одоо Монголд оршин сууж байгаа гадаадын иргэд ч энэ үйлчилгээг авах боломжтой болсон. Түүнчлэн манай улсад хамгийн олноор зорчдог БНХАУ, БНСУ, Япон, ОХУ, АНУ-ын иргэд өөр өөрсдийн орны хэлээр "Гэрэгэ киоск"-оос үйлчилгээ авч болно. Гадаадын иргэд заавал Гадаадын Иргэн, Харьяатын Газар очиж визний төлбөр, тэмдэгтийн хураамжаа төлдөг, банкны урт дараалалд зогсдог байсан бол “Гэрэгэ киоск”-оор үйлчлүүлснээр хамгийн багадаа 30 секундэд хүссэн үйлчилгээгээ авна. Гадаадын Иргэн, Харьяатын Газартай хамтран нэвтрүүлсэн үйлчилгээний бас нэг онцлог бол MRZ унших төхөөрөмж холбосон явдал юм. Энгийн үгээр хэлбэл гадаад паспорт дээр байрлах, дахин давтагддаггүй олон тоо бүхий дугаарыг аливаа улсын хилээр орох юм уу гарах үед уншуулж тухайн иргэн аль орны хэн гэдэг хүн бэ гэдгийг дэлхий нийтээрээ нэг стандартын дагуу шалгадаг. Өөр ямар ч киоск машинд байхгүй үйлчилгээг нэвтрүүлсэндээ бид баяртай байна.

- Иргэд танай компанийг коронавирусийн PCR шинжилгээний хариу хүлээн авдаг www.eruul.gerege.mn сайтаар түлхүү мэддэг болжээ. Технологийн дэвшлийг ашиглаж төрийн үйлчилгээг төвөггүй хүргэсэн нь иргэдийн талархлыг хүлээж байна.

- Баярлалаа. Цар тахлын онцгой нөхцөлд бид ковидын шинжилгээний бүртгэлийн ажилд компанийнхаа нөөц бололцоог бүрэн дайчилж ажиллалаа. Зарим нэг төслийн ажлаа ч зогсоосон. Энэ ажлыг технологийн өндөр түвшинд, гар ажиллагаа бараг л байхгүйгээр зохион байгуулсан. Шинжилгээ өгөхөөр очсон иргэний үнэмлэхний QR кодыг уншуулснаар мэдээллийг нь хялбар баталгаажуулж байна. Утасны дугаарыг буруу бүртгэснээс үүдэн хариу зөрөх цөөхөн тохиолдол гарсан. Ямартай ч гар ажиллагаа шаардаж байгаа цөөхөн хэдхэн үйлдлийг эс тооцвол энэ төсөл ямар ч асуудалгүй амжилттай хэрэгжиж байна.

Түүнчлэн бид ЭрүүлМН платформоороо дамжуулан шинжилгээний хариу нь эерэг гарсан иргэдийн тандалтын бааз бий болгож байна. Энэхүү дата баазад зөвхөн ХӨСҮТ биш нийслэл хотын өрхийн эмнэлгүүд, бүх аймгийн эрүүл мэндийн төвүүд, сумын эмнэлгүүд хамтарч ажиллаж байгаа ба тухайн дүүрэг, хороо, суманд ямар иргэний хариу эерэг гарч, тухайн иргэн ямар ямар хүмүүстэй хавьталд орсныг бүртгэдэг болсон юм. Энэхүү бааз системийн мэдээллийг ТЕГ, ЦЕГ, Нийслэлийн Засаг захиргааны байгууллага дундаа ашиглаж богино хугацаанд мэдээллээ солилцох боломжтой болсон. Үүний үр дүнд улс орон даяар эрүүл мэндийн салбарын цахим хөгжилд бас нэгэн том алхам, дэвшил гарлаа.

  

- Та бүхнийг төрөөс бодлогоор хэрхэн дэмжиж байна вэ? Манай улс цахим үндэстэн болохоор зорьж байгаа шүү дээ.

- Манай “Гэрэгэ киоск”-оос 55 байгууллагын 600 гаруй үйлчилгээг цахимаар авч, хураамж төлөх боломжтойгоос 70 орчим хувь нь төрийн үйлчилгээ. Төрийн байгууллагууд Засгийн газрын бодлого шийдвэрээ дагаад цахим хөгжилд эрчимтэй нэгдэж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ асуудалд өндөр ач холбогдол өгч авилгыг бууруулах, төрийн үйлчилгээг иргэн бүрт хүртээмжтэй, тэгш байдлаар хүргэхийн тулд цахим үндэстэн болох ёстой гэдгийг хэлж байна. Түүнчлэн мэдээллийн технологийн салбарыг онцгойлон дэмжих үүднээс Монгол Улсын Засгийн газрын тэргүүлэх бодлого болгож, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.1-т “Цахим хөгжлийн нэгдсэн бодлого, төлөвлөлт, удирдлагаар хангаж, төрийн үйлчилгээг шуурхай, хариуцлагатай, хүртээмжтэй хүргэх нөхцөлийг бүрдүүлж, иргэдийн цаг хугацаа, зардлыг хэмнэнэ.” хэмээн тусгасныг хараад мэдээллийн технологийн салбарынхан, тэр дундаа Гэрэгэ Системс ХХК-ийн хамт олон талархан хүлээж авсан. Засгийн газар, төрийн байгууллагууд энэ чиглэлээр хамтарч ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлж байгаа боловч зарим нэг төрийн байгууллага ойлгомжгүй шалтгаанаар цахим үйлчилгээг хамтран нэвтрүүлэх талаар хойрго хандсаар л байна. Гэтэл .

-Таны ярианаас төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг арай өөр шатанд хүргэх хүсэл эрмэлзэл харагдаж байна л даа?

-Бид уг нь хаа холын Камбож, Филиппин, Узбекистаныг хөгжүүлж байхаар цөөн хүн амтай ч гэсэн эх орноо л хөгжүүлж, эх орондоо сайхан амьдармаар байна. Яг үнэнийг хэлэхэд манай компани гадаадад гарч олон сая доллар олно гэхээс илүүтэй өөрсдийн ур чадвар, мэддэг, чаддаг бүхнээ Монгол Улсынхаа салбар бүрт тулгарч буй асуудлуудыг шийдэлцэж, эх орондоо Монголчууд технологийн хүртээмжтэй үйлчилгээг авч, хамгийн сүүлийн үеийн төхөөрөмжүүдийг ашиглан аж амьдралаа хялбар, аз жаргалтай болгоход нь хувь нэмрээ оруулах энгийн зүйл л хүсээд байгаа юм. Учир нь Тийм ч учраас энэ технологийн бүтцээ төрдөө ашиглуулъя гэх үүднээс бүх “Гэрэгэ киоск” дээрээ E-Mongolia-с хүргэдэг төрийн байгууллагын лавлагаа үйлчилгээг гаргая гэсэн саналаа ХХМТГ-д нийт долоон удаа тавьсан байна. Хэрэв E-Mongolia-с болон ТҮЦ машинаас гаргаж байгаа лавлагаа, үйлчилгээнүүд “Гэрэгэ Киоск”-д орвол ухаалаг гар утасгүй, ухаалаг гар утастай байсан ч датагүй иргэд хаа явж байгаа газраасаа өөрт ойр ухаалаг төхөөрөмж ашиглан үйлчилгээ авах боломж бүрдүүлье гэсэн татгалзахын аргагүй саналаас төр татгалзаад байгаа мэт хариу өгөхгүй байгааг бид гайхаад байгаа юм.

Ярилцлагандаа энэ асуудлыг яагаад дурдаж байна гэхээр Засгийн Газрын зөв бодлого, журам нь дунд шатны төрийн албан хаагчид, төрийн хүнд сурталд дарагдаад хэрэгжүүлэх шатанд замхрах тохиолдол их байдаг. Тиймээс мэдээллийн технологийн салбарт Засгийн газрын бодлого, тогтоол, шийдвэр хөрсөн дээрээ зөв бууж гүйцэтгэл сайтай байгаасай гэж хүсч байна. Учир нь манай салбарын ирээдүйн хөгжлийн үндсэн суурь нь одоо л тавигдах гэж байгаа учраас анхнаас нь суурийг нь өөгүй тэгшхэн тавьчих юмсан гэсэндээ энэ асуудлыг хөндөөд байгаа юм.

-Нөгөө талаас харахад төр, хувийн хэвшлийн давхцал цахим монгол шилжилтийн хүрээнд ажиглагдаж байна. Энэ талаар Та юу хэлэх вэ?

- Ерөнхий Сайд бизнесийн салбарын төлөөллийг урьж Ковид-19 цар тахлыг давах олон их наяд төгрөгийн төсөв бүхий төлөвлөгөөг танилцуулахдаа дурдсан 100 чухал ажил дундаас 10-г чухалчилсан байдаг. Тэр дунд төрийн үйлчилгээг цахимжуулах ажлыг онцгойлон дурдсан билээ. Улсын төсөв тасалдсан, улс орны эдийн засаг хүндхэн байгаа энэ үед Монгол Улсын Засгийн газар ковидын дараах эдийн засгаа сэргээх том сорилт, даалгавартай тулгараад байна. Тиймээс төсвийн зарцуулалтыг ковидын үед боловсролын хоцрогдолд орсон хүүхдүүдийнхээ боловсролд анхаарах, эмзэг бүлэг рүү гулган орсон айл өрхүүдээ өөд татах, нийгмийн олон асуудлыг шийдвэрлэх, ажлын байр шинээр бий болгох зэрэг хийх ажил их, тулгамдсан олон асуудалдаа чиглүүлээсэй гэж хүсэж байна.

Тиймээс хувийн хэвшлийнхний өөрийн хөрөнгө санхүүгээр хийж хэрэгжүүлээд удаж байгаа ажлыг улсын төсвөөс их хэмжээний хөрөнгө зарцуулж давхардуулан хийх шаардлагагүй гэж бодож байна. Ингэж үйл ажиллагааны давхцал төр, хувийн хэвшилд бий болсноор зах зээлээс хувийн хэвшлийг шахах бодлого хэрэгжээд байгааг анхаараасай. Тиймээс software хөгжүүлэх ажлыг хувийн хэвшилд нь даатгаад гагцхүү, хөрөнгө оруулалт ихээхэн шаардах мэдээллийн технологийн дэд бүтэц бий болгох, үүсч байгаа датагаа хадгалах нөөцлөх, дата төв барих, интернетийн сүлжээ олон улс руу гаргах шилэн гарцаа нэмэгдүүлэх зэрэг суурь ажлаа төр хийгээсэй гэж хүсч байна. Харин дата мэдээллийн нууц хамгаалах, хадгалах нөхцлөө хувийн хэвшилтэй сайтар тохироод төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх зэрэг жижиг ажлыг хувийн хэвшлээр хийлгэх нь зүйтэй.                                                                                                                                    

- Цахим техник, технологи өндөр хөгжсөн улс орнуудын төр, засаг нь хувийн компаниудтайгаа энэ чиглэлээр хэрхэн хамтарч ажилладаг юм бэ?

- Олон улсын жишгийг ярихаас өмнө манай улсад төрийн үйлчилгээг иргэдэд үзүүлэх чиглэлээр цаашид ямар бодлого, чиглэлээр ажиллах гэж байгаа талаар тодорхой ойлголттой байх хэрэгцээ шаардлага бий. Төрийн үйлчилгээг иргэдэд цахимаар хүргэх ажлыг төр дангаараа хийх төлөвлөгөөтэй байгаа юу? Яг энэ чиглэлээр ажиллаж байгаа хувийн компаниудын хувьд төр ямар бодлого барьж байгаа вэ? Төр хувийн хэвшлийнхний өөрсдөө хийж бий болгосон технологи дээр суурилан өрсөлдөгч болж орж ирснээр зах зээлийг хумьж байгаа нь цахим техник технологийн хувьд Монгол улсын сонгосон хөгжлийн стратеги мөн үү? гэх мэт даруй шийдвэл зохилтой асуудлыг эхлээд тодорхой болгох шаардлагатай байна.

Гадны улс орнуудад хувийн хэвшлийнхний өөрсдийн хөрөнгө зардлаар хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрийг нь төр засаг бодлогоор дэмжиж тэдний санал болгосон үйлчилгээг тодорхой хэмжээний хураамж төлж ашиглах байдлаар зохицуулдаг. Өөрөөр хэлбэл төр нь өмнөө тулгарсан технологийн асуудлаа нээлттэй тавьдаг, шийдэл олох ажилдаа хувийн хэвшлийнхнийг урьдаг, эргээд хувийн компаниуд нь шийдэл гаргах явцдаа хоорондоо өрсөлддөг, үнэхээр хамгийн тохиромжтой шийдэл санал болгож чадаж байгаа нэг нь сонгогддог нийтлэг схем олон улсад үйлчилдэг. Хувийн хэвшил нь хөгжүүлж буй бүх технологийн зардлаа тухайн үедээ өөрөө даагаад явдаг, сонгогдсоныхоо дараа гаргасан санхүүжилтээ төрөөс нөхөж авах зарчмаар энэ схем ажилладаг. Төрийн бодлого, төрийн дэмжлэг гэдэг нь хувийн хэвшлийнхнийгээ шахах бус далайцтай сэтгээд, хувийн технологийн компаниудын санхүүгийн бэл бэнчин нь хүрэхгүй төслүүдийг төр нь хэрэгжүүлэх замаар хамтран ажилладаг. Ямар ч улсад төр хамгийн найдвартай хамтран ажиллагч, туслагч байдгаас гадна дээр дурдсан зарчим тодорхой болсон үед л гадны компаниуд хөрөнгө оруулдаг зарчимтай.

Ер нь технологийн салбарт хуучны аргаар тендер зарлаад их хэмжээний төлбөр төлөөд араас нь ажлаа хүлээгээд суудаг арга тохиромжгүй. Харин оюуны патенттай, илүү өргөн шийдэлтэй, хэрэгжээд явж байгаа бэлэн болсон төслүүдтэй хамтран ажиллаж, төсвийн хөрөнгө оруулалтын зардлыг бууруулахыг зорих нь цахим шилжилтийн амжилтанд хүрэх үндэс суурь болно гэж бодож байна.

-Та бүхэн цаашид хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлуудаасаа дурдана уу. Хийх ажил их байгаа болов уу?

- . Мөн “Гэрэгэ апп”-ыг дэлгүүр хоршоо, үйлчилгээний төвүүдээр үйлчлүүлэхэд төлбөрийн хэрэгсэл болгож ашиглах боломжтой болно. Мөн “Гэрэгэ карт”-ыг ЗТЯ-тай хамтран тээврийн үйлчилгээнд нэвтрүүлэх, иргэд нэг картаар орон нутгийн автобус, галт тэргэнд сэлгэн сууж, үйлчлүүлэх бололцоотой болно. Ингэснээр иргэд хот хооронд ирж очих бүрдээ галт тэрэг, автобусны билет авах биш картаа цэнэглээд зорчих боломжтой болно. Энэ асуудлаар ЗТЯ-тай хамтарч ажиллах санамж бичигт гарын үсэг зурснаар ажил эхлээд явж байна. Мөн тээврийн салбарт технологийн олон төрлийн шийдэл нэвтрүүлэхээр хамтран ажиллаж байна.

Түүнчлэн БШУЯ-ны удирдлагуудтай мөн л хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зураад байна. . Мөн өнгөрсөн хугацаанд эрүүл мэндийн салбартай хамтран ажиллаж ковидын эсрэг ажилд оролцсоны хувьд цаашид эрүүл мэндийн салбарын ажлыг цахимжуулах, эрүүл мэндийн үйлчилгээг хүртээмжтэй хүргэх тал дээр ажиллах төлөвлөгөөтэй байна. Үүний тулд иргэд өөрийн эрүүл мэндийн талаарх мэдээллээ цахим байдлаар гар утсандаа хадгалах боломж олгох DeVita төслийг Солонгос хамтрагч нартайгаа эхлүүлээд байна. Энэ төслийн хүрээнд blockchain-д суурилсан эрүүл мэндийн платформ үүсгэх ба тус платформоор дамжуулж иргэд өөрийн эрүүл мэндийн мэдээллээ хадгалах, эмчээс зөвлөгөө авах боломжууд нээгдэнэ. Бид цаашид энэхүү төслийг Солонгос болон Азийн зах зээл дээр гаргах зорилготой байна

Мөн бид “Гэрэгэ ПОС” төхөөрөмжиндөө анхаарч ажиллаж байна. Учир нь зах худалдааны төвүүдэд бэлнээр эргэлдэж байгаа гүйлгээг цахим руу шилжүүлж, бүртгэлжүүлэхэд “Гэрэгэ ПОС” хувь нэмрээ оруулж хяналтгүй эргэлдэж байгаа мөнгөний урсгалыг бүртгэлжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ.

Бид цаашид ч уйгагүй хөдөлмөрлөж, Монголын хэрэглэгчиддээ технологийн ачаар алтан цагаа хэмнэж, уур уцааргүй, оочер дараалалгүй төрийн болон хувийн үйлчилгээг гар утсаар болон бусад цахим төхөөрөмжөөр авч болдгийг олон улсын стандартад нийцүүлж хөгжүүлсэн систем, төхөөрөмжүүдээрээ хүргэх болно.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
202.21.117.164

amjilt husey IT taldaa mundag company shu

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.