Цагаан хадны жолоочдыг зургаан удаагийн шинжилгээгээр сөрөг гарсаар байтал сар шахуу тусгаарлаж байна

Цагаан хадны чиглэлд тээвэр хийдэг “Эко глобал ложистик” компанийн жолооч нар дөрөвдүгээр сарын 30-наас эхлэн тусгаарлалтад байгаа юм. Анх Хятадын хил гарахын өмнө авдаг PCR шинжилгээгээр нэг жолоочоос корона вирус илэрснээр тус чиглэлд явсан бүх жолоочийг тусгаарлах ажил эхэлжээ. Гэвч тусгаарлалтад орсноос хойш нийт зургаан удаагийн шинжилгээгээр сөрөг гарсан ч тэднийг тавдугаар сарын 15-нд Улаанбаатарт авч ирэн Кино үйлдвэр дэх “Амар” очид буудалд үргэлжлүүлэн тусгаарласаар байгаа аж. Энэ талаар жолооч нарын төлөөллөөс тодрууллаа.
-Та бүхнийг тусгаарлах процесс анх хэрхэн яаж эхэлсэн юм бэ?
-Бид хил гарахын өмнө дөрөвдүгээр сарын 29-нд шинжилгээ өгөхөд нэг жолоочоос илэрлээ гэсэн. Тэгээд камп дээр биднийг тусгаарлаад нөгөө хүнээ хот руу явуулсан. Ойрын хавьтал гээд гурван хүнийг бас авч явсан. Корона илэрсэн өнөө нэг хүн долоо хоноод эдгэрээд гарсан. Харин бид долоо хоног тусгаарлагдаад, үргэлжлүүлээд өөрсдийн өрөө өрөөндөө тусгаарлагдсан. Тэр хугацаанд түргэвчилсэн болон PCR шинжилгээ авахад дахин таван хүн илэрлээ гэсэн. Ингээд энэ сарын сарын 15-нд хотод ирээд одоо болтол тусгаарлагдсаар байна. Ирсэн даруйдаа бид шинжилгээ аваад, хүмүүсээ ангилж ялга гэдэг шаардлага тавьсан. Гэвч шинжилгээ авахгүй байсаар тавдахь хоног дээрээ буюу 20-нд авахад, 18 хүн эерэг гарч, бусад нь сөрөг гарсан. Өчигдөр тусгаарлалтын долоо хоног дуусч, хотын харьяалалтай жолооч нарыг гаргасан ч орон нутгийнхныг үлдээсэн. Уг нь бид адилхан долоо хоног тусгаарлагдаж, адилхан сөрөг гарсан хүмүүс.
-Орон нутгийн жолооч нарыг гаргахгүй байгаа шалтгаанаа юу гэж байгаа юм бэ?
- Харьяа орон нутгийн онцгой комисс нь хүлээж авна гэвэл та хэдийг гаргана гэж байгаа ч албан бичиг явуулсан эсэх, ямар хариу ирүүлсэн эсэх нь тодорхойгүй. Бид өөрсдөө орон нутгийнхаа онцгой комисстой холбогдож лавлахад вакцин хийлгээд 14 хоносон бол нэвтрүүлж болно гэсэн. Мөн ямар ч албан бичиг эндээс очоогүй гэж байгаа юм.
-Та бүхэн хоёрдахь тунгаа хийлгээд хэр удаж байгаа билээ?
-Бид дөрөвдүгээр сарын 17-нд хоёрдугаар тунгаа хийлгэсэн. Түүнээс хойш сар гаран болж байна. Вирус илэрсэн хүн нь долоо хоноод л эдгэлээ гээд гардаг, гэтэл олон удаагийн шинжилгээгээр биднийг ингээд тусгаарлаад байгааг мөнгө хийж байна гэж ойлгохоос аргагүй байна. Байж байгаад нэг шинжилгээ аваад, хэдэн хүн эерэг гарлаа гэдэг, үнэндээ тэр шинжилгээний хариу ч эргэлзээтэй.
-Энэ буудлын өдрийн төлбөр нь хэд вэ?
-Өдрийн 80 мянган төгрөг.
-Нийт хэдэн хүн ирээд хэд нь үлдээд байгаа юм бэ?
-Анх 120–иод хүн ирснээс эерэг гарсан, ойрын хавьтал болсон зэрэг хүмүүсээс гадна өчигдөр хотын харьяалалтай 25 хүн тусгаарлалтаас гараад одоо 70 орчим хүн байна. Одоо дахиад долоо хоног сунгана гэх юм бол бид яг сар тусгаарлагдаж байна гэсэн үг.
-Энэ хооронд та бүхний ажил, орлого бүх зүйл зогсч байгаа биз дээ?
-3.13-нд ачуулсан ачааг одоо хүртэл Хятадын талд буулгаагүй байна. Өөрөөр хэлбэл бид гуравдугаар сараас хойш одоо хүртэл цалингүй байна гэсэн үг.

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.