?LIVE: УИХ-ын гишүүн С.Одонтуяа Ерөнхий сайдаас 100 сая төгрөг нэхэмжиллээ
УИХ-ын гишүүн С.Одонтуяа Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг худал мэдээлэл тараасан, нэр төрд халдсан хэргээр шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа талаараа мэдээллээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Засгийн Газрын 100 хоногийн тайлан мэдээллийн үеэр “УИХ-ын гишүүн С.Одонтуяа гэр бүлийн хүний хамт вакцины татан авалтад саад хийсэн” хэмээн баримт нотолгоогүй, хариуцлагагүй мэдэгдэл хийж цахим орчинд баримт нотолгоо байгаа мэт худал мэдээлэл тараасан.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа:
-Төрийн өндөр албан тушаалтан хүний амнаас гарч буй үг болгон хариуцлагатай байх ёстой. Вакцин авчрахад хаана яаж нөлөөлөөд, гацаасан тухай нэг ч баталгаатай юм яриагүй. Тиймээс Монгол Улсын Ерөнхий сайдын тараасан худал мэдээллийг залруулах, бодит байдлыг тодруулах зайлшгүй шаардлага үүссэн тул холбогдох газруудад вакцинжуулалтын төлөвлөгөө, хэрэгжилтийн явцад миний бие хэрхэн, яаж оролцож саатуулсан, хохироох үйл ажиллагаа явуулсан эсэх талаар мэдээллийг бичгээр яаралтай ирүүлнэ үү гэсэн албан бичгүүдийг хүргүүлсэн.
Л.Оюун-Эрдэнийн ямар ч нотолгоогүй, логик уялдаагүй мэдэгдлээс дараах асуултууд урган гарч байгаа юм.
-Гадаад оронд суугаа Элчин сайд болон гаалийн ажилтнууд төрийн албан хаагчид хэн нэг хүн утсаар ярьсан төдийд ажлаа цалгардуулж, үүрэг хариуцлагаа орхигдуулдаг уу?
-Вакцин худалдан авах, татаж авах ажиллагаанд Элчин сайд, гаалийн ажилтнууд гацаах зогсоох хэмжээний нөлөөлөл үзүүлэх боломжтой юу?
-Ноцтой гэмт хэрэгт хүнийг баримтгүйгээр холбон зарлах нь хэвийн хэрэг мөн үү? Гэм буруутай эсэхийг шүүх л тогтооно гэсэн зарчим Засгийн газарт үйлчлэхээ больсон уу?
Монгол улсад албан тушаалтнуудад хууль үйлчлэхээ больсон шинж тэмдэг сүүлийн үед олноор гарах болсны нэг нь Ерөнхий сайд ямар ч нотолгоогүй, ор үндэсгүйгээр шүүхийн шийдвэрээс урьтаж, бусдыг гүтгэн харлуулж байгаа явдал боллоо гэж үзэж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг шүүх дээр хэлсэн ярьснаа нотлохыг шаардаж байна.
Иймд Л.Оюун-Эрдэнэ нь УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга миний болон ажил хэргийн нэр хүндийг гутаах зорилгоор, ноцтой, хууль бус үйл ажиллагаанд холбогдуулан, ямар ч нотлох баримтгүйгээр гүтгэсэн гэж үзэж гэм хорын хохиролд 100,000,000 /нэг зуун сая/ төгрөгийг хариуцагчаас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.
Хариуцагч Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс гаргуулах гэм хорын хохирлын 100,000,000 төгрөгийг би цар тахлын улмаас цалин хөлс, орлогогүй болсон өрх толгойлсон эмэгтэйчүүдэд тарааж өгч, цар тахлын улмаас өрх гэр, үр хүүхдээ авч яваа эмэгтэйчүүдийнхээ амьдралд нэмэрлэх болно гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.