ҮЙЛ ЯВДЛЫН ЭРГЭН ТОЙРОНД: СЕХ С.Эрдэнийг нэр дэвшигчээр бүртгэн авлаа
2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэх хуулийн хугацаа өнөөдрөөр дуусгавар болж байна. Гэвч Ардчилсан намын зүгээс хоёр нэр дэвшигчийн материал ирүүлсэн тул СЕХ хоёуланг нь буцааж, аль нэг нэр дэвшигчийн материалыг хүргүүлбэл хүлээн авахаа мэдэгдээд буй билээ.
Гэвч УИХ дахь АН-ын бүлэг үүнийг эсэргүүцэн Төв талбайд суулт, өлсгөлөн зарлахаа 17:00 цагийн орчимд мэдэгдсэн. Мөн ҮАБЗ-ийн тэргүүн, Ерөнхийлөгч Х.Баттулгад хандан ҮАБЗ-ийг яаралтай хуралдуулж үүсээд буй нөхцөл байдлыг хэлэлцэх хүсэлтийг хүргүүлсэн.
Ерөнхийлөгч Х.Баттулга ҮАБЗ-ийн хуралдааныг 17:30 цагт зарласан.
Энэ хугацаанд СЕХ Ардчилсан намын нэр дэвшигчтэй холбоотой ямарваа нэгэн шийдвэр гаргаагүй тул УИХ дахь АН-ын гишүүд төв талбайд өлсгөлөн зарлаж эхэллээ. Гишүүд өлсгөлөн зарлах тухайгаа Улсын хоёрдугаар эмнэлэгт мэдэгдсэн бөгөөд эрүүл мэндийн байдлаа хянуулаагүй байгаа ажээ. Тэднийг суулт хийж эхэлмэгц цагдаагийн албан хаагчид хориглож дэвсгэр майхныг нь хураан авчээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг "Үүссэн нөхцөл байдалтай холбоотой тэмцэл хийж байгаа тул зөвшөөрөл авах шаардлагагүй" хэмээсэн бол цагдаагийн байгууллагаас хөл хориотой, цар тахлын үед жагсаал цуглаан зохион байгуулах нь эрсдэл үүсгэнэ гэх тайлбарыг өгсөн юм.
Одоогийн байдлаар УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд болох А.Адъяасүрэн, Н.Алтанхуяг, С.Ганбаатар, Ц.Туваан, Н.Ганибал нар суулт хийж байна. Харин УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Ш.Адьшаа нар Сонгуулийн ерөнхий хорооны хуралдааны шийдвэрийг хүлээж СЕХ дээр байгаа юм.

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.