СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-04-28

LIVE: Л.Амармөрөн: Ахуйн хүрээнд архидан согтуурах зөрчил гарсаар байна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Хаш-Эрдэнэ
3 жилийн өмнө

Хөл хорионы хугацаанд ахуйн архидалт их байгаа тухай иргэдийн гомдол, мэдээлэл цагдаагийн байгууллагад багагүй ирж байна. Үүний нэг шалтгаан нь Засгийн газраас иргэн бүрт олгосон 300 мянган төгрөг, 18 градусаас доош согтууруулах ундаа зарж байгаатай холбоотой хэмээн иргэд үзэж байгаа юм. Иргэдээс ирүүлсэн мэдээллийн дагуу сурвалжилга бэлтгэснээ та бүхэнд хүргэе.

Баянзүрх дүүргийн иргэд:

-Манай хотхонд коридор, шат, гэртээ хүмүүс их архидаж байна. Архидан согтуурсан хүмүүс шатан дээр шүлс, архины шил, хогоо хаяж байгаа. Шаардлага тавихаар өөдөөс эсэргүүцдэг. Хууль хяналтын байгууллагад шаардлага тавихаар арга хэмжээ авахгүй асуудлууд их байна.

Халдварын тоо өндөр байгаа ийм цаг үед иргэд хариуцлагатай баймаар байна. Архи зарахыг нь болиулахгүй бол  архидалт зогсохгүй. Хичнээн 18 градусаас бага согтууруулах ундаа зарж байгаа боловч олуулаа нийлж, бөөгнөрч, нэгнийхээ гэрт цугларч, архидан согтуурах явдал буурахгүй л байна. 22 цагаас хойш дуу чимээ гаргахгүй байх Зөрчлийн хууль хэрэгжихгүй байна. Энэ удаагийн хөл хорио үнэхээр сул байгаа л гэж бодож байна. Засгийн газраас олгосон 300 мянган төгрөгийг олгож байх үед бол айлуудын архидалт маш их байсан гэв.

НЦУГ-ын УСХ-ийн дарга, цагдаагийн хурандаа Л.Амармөрөн:

-Өмнөх хөл хорионы хугацаанд нийслэлийн хэмжээнд 15 000 орчим дуудлага ирсэн байна. Энэ нь өмнөх хөл хорионы хугацаанаас буурсан харагдаж байна. Хөл хорио тогтоосон эхний өдрүүдэд архидан согтуурах, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага өссөн байсан. Одоо бол харьцангуй бууралттай байна. Энгийн үед Улаанбаатар хотод 1500 орчим дуудлага хоногт ирдэг бол одоогийн хөл хорионы өдрүүдэд 700 орчим дуудлага ирж байгаа.

Гэхдээ ахуйн хүрээнд бөөнөөрөө нийлж, архидан согтуурдаг, дуу чимээ гаргаж шуугилддаг зөрчил байсаар байна. Хөл хорио эхлэхээс өмнө нэг газар бөөнөөрөө цугларч хөл хорионд ордог. Тэгээд нийлж архиддаг, хэрэлдэж, маргалддаг. Үүнээс болоод бусдын амгалан тайван байдлыг алдагдуулах зөрчил гарч байна.

Цагдаагийн албан хаагчид зам, гудамж талбай, иргэдийн хөдөлгөөнд хяналт тавих үүрэг гүйцэтгэж байгаа ч үүргийн дагуу эдгээр зөрчлийн дуудлагад голдуу явж байна. Зөрчлийн хуулийн 5.5 зүйлд зааснаар 100 мянган төгрөгийн торгууль ногдуулна. Ахуйн хүрээний архидалтад гэр бүлийн зөрчил, гэр бүлийн хүчирхийлэл гэсэн ойлголт давхар яригддаг. Тиймээс баривчлах хүртэл арга хэмжээ авдаг. Ахуйн архидалт, бөөгнөрөл үүсгэх, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулах бол ухамсрын асуудал. Нэг дор бөөнөөрөө, гэр бүлээрээ хөл хорионд орсон байж болно. Гэхдээ заавал архи дарс уух хэрэггүй шүү дээ. Иргэд дор бүрнээ хариуцлагатай, ухамсартай байвал энэ зөрчил арилж болно гэлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 жилийн өмнө
103.87.255.66

Баянгол дүүргийн 8р хорооны 10байр 114 тоот айл хүмүүс их цуглуулж өдөр өнжилгүй архиддаг талаар байрны иргэд гомдол ирдэг. Холбогдох хүмүүс нь уншиж байвал анхааралдаа авмаар байна. Дээд доод айл нв ямарч тэвчээртэй юм.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.