ЧУУЛГАН: ҮХЦ-ийн дүгнэлтийг хүлээж авах эсэх асуудлыг 16:00 цагаас үргэлжлүүлэн хэлэлцэнэ
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.04.22/ нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээж авах эсэх тухай асуудлыг хэлэлцэж байна
Үндсэн хуулийн цэц өнгөрсөн баасан гараг /2021.04.16/-т хуралдаж "Ерөнхийлөгчийн тухай хуулийн зарим зүйл заалт нь Үндсэн хууль зөрчсөн" гэсэн дүгнэлтийг гаргасан. Энэхүү дүгнэлтийг УИХ-ын Хуульзүйн байнгын хороо болон Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэн дэмжсэн. УИХ-ын нэгдсэн чуулганаар асуудлыг хэлэлцүүлж, цэцийн дүгнэлтийг хүлээн авбал Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө Ерөнхийлөгчийн тухай хуулинд өөрчлөлт оруулах шаардлага үүсэх юм.
Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн 2021 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн гуравдугаар зүйлийн 3.1.2 дахь заалт, 5 дугаар зүйлийн 5.4, 5.6, 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэг тус тус Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцэж хоёрдугаар дүгнэлт гаргасан. Энэ дүгнэлтээр тус хуулийн гуравдугаар зүйлийн 3.1.2 дахь заалт болон 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсгийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзэж мөн өдрөөс түдгэлзүүлсэн. Тодруулбал, Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр баталсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно”, гэж заасныг зөрчсөн байна гэж дүгнэсэн.
Өөрөөр хэлбэл, өмнөх болон одоогийн Ерөнхийлөгч нар дахин нэр дэвших эрхгүй гэдгийг Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд тусгаагүй нь Үндсэн хууль зөрчсөн гэж Цэц үзсэн юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.