БШУЯ-ны газрын дарга Г.Энхжаргал хүүхдээ Боловсролын зээлийн сангийн нэн хөнгөлөлттэй зээлд хамруулжээ
БШУЯ-ны харьяа Боловсролын зээлийн сангийн нэн хөнгөлөлттэй зээлд төрийн өндөр албан тушаалтнууд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласан байж болзошгүйгээр хүүхдүүдээ хамруулж байгаа асуудлыг манай сайт цувралаар хүргэж байгаа билээ.
Эхний цувралаар ЗГХЭГ-ын Мэдээлэл технологийн газрын дарга Ж.Тамир төрсөн хүүхдээ нэн хөнгөлөлттэй зээлд хамруулсан тухай хүргэснийг энд дарж уншина уу.
Боловсролын зээлийн сангийн 2021 оны нэн хөнгөлөлттэй зээлд хүүхдээ хамруулсан дараагийн албан тушаалтан бол БШУЯ-ны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Г.Энхжаргал юм.
Тэрбээр өөрийн төрсөн хүү болох Э.Энхбаярынхаа АНУ-ын Вашингтоны Их сургуулийн нэг жилийн сургалтын төлбөр болох 9,067 ам.долларыг Боловсролын зээлийн сангаар төлүүлсэн баримтыг та бүхэн харж байна.
Ердөө хоёрхон сарын өмнө Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяагаас “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр сайн ажилласан оны шилдэг ажилтан” гэх шагналыг гардаж байх үедээ Г.Энхжаргал дарга өөрийнхөө төрсөн хүүгээ Боловсролын зээлийн сангийн нэн хөнгөлөлттэй зээлд хамруулахаар хөөцөлдөж явсан байж таарах нь.

Г.Энхжаргал дарга 2020 оны шилдэг ажилтан хэмээгдэн шагнагдаж байгаа нь 2021.02-р сар
Хүүхдээ Боловсролын зээлийн сангийн нэн хөнгөлөлттэй зээлд хамруулсан Гочоогийн Энхжаргал даргын хувьд 2016 оны есдүгээр сарын 15-нд Нийслэлийн татварын газарт хэлтсийн даргаар ажилд орж байсан бөгөөд улмаар 2018 оны аравдугаар сарын 03-ны өдөр Нийслэлийн татварын газрын дэд дарга, 2019 оны 10 дугаар сарын 09-нд Нийслэлийн татварын газрын дарга болж албан тушаалын шатаар огцом өгссөн нэгэн юм.
Тэрбээр 2020 оны УИХ-ын сонгуулийн дараахан албан тушаалаасаа чөлөөлөгдөж, БШУЯ-ны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргаар ирсэн байна.
Г.Энхжаргал даргын хувьд улсаас нэг жилд 19.7 сая төгрөгийн цалин хангамж авдаг бол түүний гэр бүлийнхний жилийн орлого нь 252.2 саяыг нэг жилд олдог өөрөөр хэлбэл өөрийнхөө хүүхдийн АНУ-д сурах сургалтын төлбөрийг нэг сарынхаа орлогоор л төлчих хэмжээний баян чинээлэг айл юм байна.
Мөн тэдний гэр бүл 346 сая төгрөгөөр үнэлэгдэх 4 ширхэг орон сууц, 1 ширхэг зуслангийн байшинтай. 16.5 сая төгрөгөөр үнэлсэн 4 ширхэг газар, “Тайгын шанд” ХХК-ийн 50 хувийг эзэмшдэг хэмээн АТГ-т гаргасан ХОМ-тээ бичжээ.
БШУЯ-ны харьяа Боловсролын зээлийн сангийн нэн хөнгөлөлттэй зээлийг амьдралын боломж муутай атлаа онц сурлагатай хүүхдүүдийг дэмжих зорилгоор улсаас санхүүжүүлдэг.
Харамсалтай нь уг зээлийг асар их ашиг орлого олдог, албан тушаалтнуудын хүүхдүүд авсаар байгааг бид шүүмжлэн цувралаар хүргэж байгаа юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.